Наймдугаар сард Эстонийн Таллин хотод болсон залуучуудын дэлхийн аваргад үзүүрлэсэн “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Нандинцэцэгийн Анударь хоёр сарын дараа Будапештийн дэвжээнээс 23 хүртэлх насны ДАШТ-ээс 53 кг-ын жинд хүрэл медаль хүртэж “давхар цохилт” хийлээ. Тэрбээр Унгарын нийслэлээс Монголын баг тамирчдын гурав дахь хүрэл медалийн эзэн болж байна.
Н.Анударь өчигдөр тэгшитгэлийн барилдаанд залуучуудын ЕАШТ-ий хүрэл медальт Польшийн Агата Марта Валерзакыг 10:0-ээр, 1/4 шигшээд 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл, залуучуудын ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Украины Кристина Бережаг 5:1-ээр ялж хагас шигшээд шалгарсан ч “Будапешт-2018” насанд хүрэгчдийн дэлхийн аварга Японы Харүна Окүнод 0:4-өөр (Н.Анударь энэ жилийн залуучуудын ДАШТ-ий финалд түүнтэй барилдаж 3:7-гоор дийлдсэн) ялагдсан. Тэгвэл хүрэл медалийн төлөөх барилдаанд 23 хүртэлх насны ЕАШТ-ий мөнгө, хүрэл медальт Беларусийн Катарина Пискускаяг оноогоор цэвэр (10:0) ялж шагналын тавцанд зогсохоор боллоо.
Түүний хувьд энэ онд залуучуудын ДАШТ, Азийн АШТ, “Монголиа Опен”, “Байгаль Опен” ОУТ-д тус бүр үзүүрлэж медалийн дадлагатай жил байна. Шавьтайгаа Будапештэд очсон, спортын мастер П.Чулуунбаатар багшид баяр хүргэе.
Зочин
2020-09-28
sain bn iluu ih hicheegeerei amjilt