Л.Баярмаа. Монгол улсад эмэгтэй жүдо үүсэн бий болоход Анхны жүдочдын нэг болж, Эх орныхоо нэрийг өндөрт өргөж явсан тэрбээр одоо ч Төрийн далбаагаа мандуулсаар, төрийн дууллаа эгшиглүүлсээр байна.
Сайн байна уу? Юуны өмнө Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 дахь удаагаа Алтан медаль хүртсэнд баяр хүргэе.
- Баярлалаа. Энэ жил гуравдахь удаагаа дэлхийн аварга болж чадсандаа баяртай байна.
Медалийн тавцанд зогсоод Төрийн дууллаа сонсоход юу бодогддог вэ
- Mедалийн тавцанд зогсож байхдаа маш их баярлаж, өөрөө өөртөө "Чадсан шүү" хэлж, бас Эх орноо бодож зогсож байлаа. Maстерсийн ДАШТ-д 2012 ,2014, 2016, 2019 oнуудад оролцож 3 алт, 2016 онд мөнгөн медаль авч байлаа.
Энэ удаагийн тэмцээнд аваргын тавцанд хүрэхэд хэрхэн барилдав.
- Энэ удаагийн Дэлхийн аварга нэлээн адал явдал, барцад ихтэй байлаа. Явахаас өмнө бэлтгэл хийж байгаад, хөлийнхөө хурууг гэмтээсэн. Тэгээд эхний учраа бөхчүүдээ ялчихаад дөрөвдэх барилдаан дээр дэвжээнд гарч чадаагүй, хоцорчихсон. Тэгсэн шагнал гардуулах болов оо. Шагнал гардуулах болоод би мөнгөн медалийн тавцан дээр зогслоо. Алтан медалийн тавцан дээр Египет хүүхэн гараад зогсчихсон. Тэгсэн манай төрийн дуулал яваад эхэллээ шүү. би ч бүүр гайхчихсан. Нөгөө хүүхэнтэйгээ байраа солих гэсэн чинь дургүйцээд бөөн юм болсон. Миний медалийг өгөхгүй зогсоод байдаг. Төрийн дуулал яваад байдаг, би ч сүүлд нь медалиа булаагаад авсан л даа. Бид 2 адилхан гурван ялалттай, цагаар тооцоод үзсэн чинь миний цаг, цэвэр ялалт хоёр илүү байсан юм билээ.
Ингэхэд хэзээнээс жүдо бөх барилдаж эхлэв.
- 1988 оноос Ч.Машбат багшийн шавь болж жүдогоор хичээллэж эхэлсэн. 31 жил өнгөрчээ.
1988 он гэхээр Анхдагч юм байна шүү дээ
- Анхдагч гэж хэлж болно. Бид нараас өмнө эмэгтэй жүдо, самбо бөхийг хөгжүүлэх гэж эхлүүлээд болоогүй юм билээ. Анх хэнээс ч билээ Эмэгтэй бөхчүүд хичээллэдэг гэж сонсоод, дүү охиноо дагуулчихсан Спортын төв ордонд очиж байлаа. Ордны жижүүрээс асуусан чинь "Тэнд байдаг" гэж жүдогийн заалыг зааж өгч байсан юм. Тэр зааланд нь яваад орсон нэг хүн сонин уншаад сууж байна. /Ч.Машбат багш/ Би "Ахаа энд эмэгтэй хүүхдүүд барилддаг уу?" гэж асуусан чинь "Чи яах гэж байгаа юм" гэж надаас асуулаа. -Барилдах гэсэн юмаа- л гэлээ. Тэгсэн Чи жоохон хүлээж байгаад 14 цаг гээд ороод ир гэж байна. СТО-ны гадаа зогсож байтал хэдэн охидууд инээлдээд яваад орчлоо. Би ч ардаас нь дагаад орлоо. Нөгөө хэд маань удахгүй бэлтгэлээ хийгээд эхэлсэн. Нөгөө ах маань намайг харсанаа "Чи нээрээ барилдах гэж байгаа билүү. Энэ жин дээр зогсдоо" гэлээ. Би ч зогслоо 68 кг зааж байна Тэгсэн "Чамайг шалгалт авахгүйгээр оруулнаа. Хүнд жинд бөх хэрэгтэй" гээд, анх хичээллэж, багштайгаа, найзуудтайгаа танилцаж, эхэлж байсан даа. Тэр үед тэмцээн ховор. Хааяа нэг нэрэмжит тэмцээн болно. Төмөр замын депогийн нэрэмжит билүү нэг тэмцээн болоод С.Дашдулам бид 2 аваргын төлөө барилдах гэсэн чинь "Одоо Үндэсний бөх барилдана. та нар гар" гээд хөөгдөж билээ. Тэр үед яагаад бид нарыг ингээд байгаа юм бэ гэж уйлчих шахаж билээ. Тэгээд бид хоёр нэг жижигхэн зааланд орж барилдаж байсан даа. С.Дашдулам бид хоёр нэг жинд барилддаг байсан юм. Миний гол өрсөлдөгч, мэдээж дэвжээнээс буугаад найзууд байдаг байсан.
Анхны амжилт, анхны олон улсын тэмцээн
- Анхны гадаадын тэмцээн гэвэл 1990 онд Бээжинд болсон Азийн наадам. Тийшээгээ Мишка багштайгаа 4-үүлээ явж байсан. Дэчинмаа манай багийн ахлагч. Би, Х.Эрдэнэт-Од, Р.Дэчинмаа гээд бүгдээрээ жаахан хүүхдүүд байж. Би хоёр жинд барилдсан. Үнэмлэхүйд барилдах байсан юм, тэгсэн Б.Бат-Эрдэнэ аварга нээх гоё хоол хийчихсэн "Миний дүү Үнэмлэхүйд барилдах юм чинь сайн ид" гээд хоол өгч байж билээ. Ерөөсөө санаанаас гардаггүй юм. Тэгээд Самбо бөхийн ДАШТ Москвад болоход багштайгаа арвуулаа яваад бүгд медаль авч байсан. Манайханаас Бадамсүрэн анхны дэлхийн аварга болсон тэмцээн. Манайхан нэг алт, 4 мөнгө, 5 хүрэл медаль авч байсан. 4 мөнгө нь С:Дашдулам, Р.Дэчинмаа, Х.Эрдэнэт-Од Оюунтунгалаг, Тэр тэмцээнээс хүрэл медаль авч байсан. 1991 онд Хөх хотод хамтарсан бэлтгэл хийгээд, Эрдэнэт хотод болсон олон улсын тэмцээнээс Алтан медаль авч байсан.
Барселонагийн олимпод оролцох гээд тэмцээнд явах болоход зардал мөнгө байхгүй үлдэж байсан. Тамирчин хүний өөрөөс шалтгаалахгүй ганц зовлон бол зардал, мөнгө. Ганцхан би ч гэлтгүй манай охидуудын олон тэмцээнд оролцох боломж зөвхөн зардалаас шалтгаалж л хаагдсан юм. Бид нар залуухан ч байж, бэлтгэл ч их хийнэ, даанч төсөв мөнгөнөөс болоод гадагшаа явж чаддаггүй байсан. Төсөв сайтай байсан бол Самбо, Жүдогийн хөгжил тэр үед л огцом өсөх байсан даа.
"Их шавийн дээд сургууль"-д бид нар орж оюутан болж байлаа. Сургуулиа төгсөөд 1996 онд болсон Самбо бөхийн Азийн аваргад түрүүлсэн. Тэрний дараа гэр бүлтэй болоод, хүүхдээ төрүүлсэн юм. Эргээд 1999 онд Буядаа багштай уулзаад, багш маань намайг туслах дасгалжуулагч хий гээд эргээд охидуудтайгаа хамт бэлтгэл хийж эхэлсэн. Тэр үед Б.Буядаа багш дээр МУГТ Ц.Мөнхзаяа, шүүгч Г.Энхцэцэг зэрэг охидууд байсан. Тэд нартайгаа хамт байж байгаад, жүдо самбын УАШТ-ээс медаль аваад бэлтгэл ч дажгүй байлаа. Тэгээд амьдрал зохисон хүн чинь амьдралаа дээшлүүлэх гээд спортоос нэг хэсэг хөндийрсөн.
2008 онд манай найзууд Ч.Машбат багшийнхаа нэрэмжит тэмцээн зохиох гээд тэнд бүгдээрээ цугларсан юм. Найзууд маань "Хэдүүлээ хамтдаа бэлтгэл хийе" гээд цуглардаг болсон. 2010 оноос харин мастерсын УАШТ зохиогдож эхэлсэн. 2011 онд АНУ-ын Майамид Гранд мастерсын тэмцээнд болоод манайхан багаараа явсан. Би нэгт ороод, Р.Дэчинмаа мөнгө, Б.Мөнхзаяа Н.Цэгмид нар хүрэл авсан.
Эмэгтэй бөх гэхээр хүмүүс нэг л дургүй байдаг байсан. Хоолой нь өөрчлөгддөг, үс ургадаг, ген нь ....
- Ер нь манайханд нэг тийм нийтлэг ойлголт байдаг байсан даа. Бид нар чинь нэг тийм Жүдогийн стильтэй. Бүгдээрээ үсээ тайруулаад халимаг болгочихсон. Хүмүүс гудмаар зөрөхдөө гайхаж хараад л. "Эр юм уу? Эм юм уу ?" гэж гайхаж хардаг байсан байх. Автобусны кондукторууд сүүлдээ мэддэг болчихсон. Бид нараас заримдаа мөнгө авдаггүй байсан шүү. "Бамбарууш" кафе, поончикны мухлаг руу их очно.
Багшийнхаа тухай дурсаач
- Манай багш их л зөөлөн хүн шүү дээ. Хүнд их ухаарлын үг хэлнэ. Бид нарт их зөөлөн хандана. Багшийн хэлэх гэж байгаа үгийг бид нар бараг харцнаас нь ойлгодог байсан. Ялангуяа эмэгтэй бөхийг хөгжүүлэхэд маш их үүрэг гүйцэтгэсэн. Ямар ч дарга нь хориод байсан юм, бүү мэд. Эмэгтэйчүүдийг барилдуулахгүй гэсэн шийдвэр гараад, багш маань их л урамгүй нэг өдөр орж ирж билээ. Тэгээд бид нар багштайгаа хамт өргөдөл бичээд Эмэгтэйчүүдийн холбоонд очиж уулзаад, гуйгаад, гарын үсэг зураад явуулж байсан.
Олон тамирчдын бөхийн гарааг энэ хүн эхлүүлж өгсөн. Мөн Ардчиллыг их дэмждэг хүн байлаа. Багштайгаа хамт жагсаалд очиж хамгаалалтанд зогсож байлаа шүү дээ.Нэг өдөр манай багш маргааш 14 цагт Ялалтын талбай дээр ирээрэй гэж байна. Маргааш очсон чинь "За та нар энд зогсоно" гээд. Индэр дээрээс Ардчилалын лидерүүд, хүмүүс үг хэлээд л. Бид нар хамгаалаад. Эмэгтэй бөхөө сурталчилна гээд үзүүлэн тоглолт хийгээд, яриад байвал их түүх бий. ардчилалын олон юманд хамт явж байлаа.
Барилдахын хажуугаар ямар ажил эрхэлдэг вэ?
- "Хархорин" зах дээр хувиараа, нэг лангуу ажиллуулдаг. Лангуу ажиллуулсаныхаа хүчинд тэмцээнд явах зардал, мөнгө гэж санаа зовох нь гайгүй шүү.
Анх Мастерсийн тэмцээнд хэзээнээс явж эхэлсэн билээ.
- 2010 оноос Монголд мастерсын УАШТ зохиогдож эхэлсэн. 2011 онд АНУ-ын Майамид болсон тэмцээнд явж эхэлсэн. Мастерсын дэлхий аварга жил ирэх тусам, өрсөлдөөөн ихтэй, болж байна. Саяны дэлхийн аваргад 1250 хүн оролцлоо. Зарим жинд 32-оос эхэлж байна. Эмэгтэй нь 24-с эхэлж байх жишээний. Цар хүрээ нь жил ирэх тусам томор ч байна.
Жүдо таны хувьд юу вэ?
- Жүдо бол тэвчээр, хүмүүжил, зорисон зорилгодоо хүрэхиЙН ТӨЛӨӨХ Хөдөлмөр. Тийм спорт. Манай хүү бас барилддаг, бас удам залгадаг юм байна.. Хүү маань барилдая гэж гуйхаад, би ч байж бай" гэсэн чинь нэг өдөр уйлаад "Та оруулж чадахгүй бол би өөрөө орно" гээд. Тэгээд хүүгээ дагуулж яваад найз дээрээ "Боржин" клубийн Б.Алтантуяадаа шавь орууллаа. Одоо барилдаад гурван жил болж байна. Хүдэрчулуун гэдэг
Боржин клуб чинь манай багшийн анх нээсэн клуб. Г.Машбат багш маань Клубын системд шилжих үед энэ клубээ нээж байлаа. Б.Болорцацарал, Б.Алтантуяа хоёр маань энэ клубыг маш сайн авч явж байна.
- Одоо бүх юм хөгжөөд сайхан болжээ
- Бидний үед Заал олдохгүй. Жүдогоосоо Самбын заал руу ороод А заалны Узелийн хоёр давхарт дэвжээгээ засчихдаг байсан. Бас нэг жижигхэн өрөөнд дэвжээгээ засна. Халуун гэж жигтэйхэн. тэр олон хүн чинь багтахгүй. одоо бид нар яридаг юм "
Одоо барилдаж байгаа охидууд чинь ямар жаргалтай юм бэ. бид нар чинь заал олдохгүй энд тэнд очоод гуйгаад л дэвжээгээ зөөгөөд гүйдэг байсан". 90-ээд оны дунд үед төсөв мөнгө байхгүй СТО эзгүйрээд, шигшээ баг цалин мөнгө байхгүй, Тэр үед багш маань өөд болоод бэлтгэл хийх хүнгүй. манай ганц Х.Эрдэнэт - Од үлдээд "Монгол охид"-ын хэдэн охидуудтай бэлтгэл хийдэг байлаа. Тоотой цөөхөн хэдэн хүн цалинтай. Ихэнх нь амьдралаа хөөгөөд л гадагшаа, дотогшоо тараад явсан даа. Х.Эрдэнэт-Од маань зүтгэсээр байгаад л ДАШТ-ээс анхны хүрэл медаль авсан шүү.
Найк нөхөдтэйгээ байнга холбоотой. Тэмцээний үеэр цуглачихна. тэмцээндээ орчихно. жаргал зовлонгоо хуваалцаад байж байна. Жүдогийнхоо "Нэгэн гэр бүл"-дээ, найз нөхөддөө, холбооныхоо хамт олонд бүгдэд нь баярлалаа гэж хэлье. Хамтын Хүч Амжилт гэж их сайхан уриа шүү. Та бүхэндээ баярлалаа.
Баярлалаа.
Зочин
2020-09-28
хамтын хүч амжилт