Цаг үеийн мэдээ

Өглөөний наран хэнийг ч алагчлалгүй орой дээрээс ивээнэ.  Түм түчигнэж бум бужигнасан нийслэл хотын өглөө эхэлж, хүн бүр өөр өөрийн жимээр хаа нэг тийш яаран алхална. Энэ л олон хүн урсгалтай хөл нийлүүлэн алхах хүн бүр өөр өөрийн түүхтэй ч өөрийн зам мөртэй.  Тиймээс бид энэ л нийгэмд өөрийн мэдлэг чадвараар  бусдад эрүүл энх амьдрах үүд хаалгыг нээж өгч яваа цагаан нөмрөгт нэгэн эрхэмийг онцолж, түүний ажлын нэгэн өдрийг сонирхлоо. Түүнийг Р.Мөнхбат гэдэг. Тэрээр ХСҮТ-ийн Элэг шилжүүлэн суулгах албаны даргын албыг хашдаг.

 

 

 

Өглөөний 8.00 цаг.

 Сэтгүүлч миний бие Хавдар судлалын Үндэсний Төвийг зорин очлоо. Энэ зууны тахал болсон хавдар өвчинтэй тэмцэж буй энэ эмнэлгийн хүлээлгийн танхим энэ өглөө эрт хүнээр дүүрчээ. Царайнаас нь харцнаас нь бодлогоширсон, айж сандарсан байдал нэвт уншигдсан  энэ олон хүмүүсээс МОНГОЛ УЛСАД хавдар хэмээх аюулт өвчний тархац ямар хэмжээнд байгаа нь тодхон харагдана. 

            Эмнэлгийн хонгилоор алхсаар Мөнхбат эмчийн өрөөг зорилоо. Эмч маань үзлэгээ хэдийнэ эхэлчихсэн өрөөнийх нь гадна үзүүлэх дугаараа хүлээх хүмүүс мөн л хэдэн арваараа хүлээж байв.  Хүнд өвчиндөө шаналсандаа тэрүү аль эсвэл урт дараалалд чилж бухимдсандаа тэрүү тэдгээр хүмүүс дугаарын урдуур дайрах гэж оролдох хэн нэгэнд тун ч ширүүн хандах тул миний бие өөрийн учир байдлыг сайтар ойлгуулж байж эмчийн өрөө рүү нэвтэрлээ.    

Өрөөнд нэгэн буурал үстэй 60 гаруй насны хүн эмчтэй ярилцаж сууна. Миний бие эмчийн ажилд саад учруулж, үзүүлж буй хүнд таагүй сэтгэгдэл төрүүлэхгүйн тулд буланд байх сандал дээр очиж чимээгүйхэн суулаа. Хөдөө орон нутгаас ирсэн энэ хүн 6 сарын өмнө мэс засалд орж элэгний хавдараа авахуулжээ. Тэрээр эход харуулахаар орон дээр хэвтээд цамцаа сөхтөл цээжнийх нь нэг талыг тэр чигээр нь эзэлсэн том оёдол харагдана. Эмч эхоны роллоо цээжин дээгүүр нь гүйлгэн дэлгэцээ хянуур гэгч ажиглах бөгөөд үзүүлэгчийг царайд "юу гэх бол доо" гэсэн зовнил илэрнэ. Удсан ч үгүй эмчийн царайд инээмсэглэл тодорч "за танд баяр хүргэе, таны элэг сайхан төлжиж байна" хэмээн үзүүлэгчээ гараас татан босгоод мөрийг нь нөхөрсгөөр зөөлөн алгадахад үзүүлэгчийг царай гэрэлтэж, дуу шуу ороод явчихлаа.  Зургаан сарын туршид хоолны чанга дэглэм барьсан түүнийг идэх дуртай зүйлсээ идэхийг зөвлөж, үзүүлэгч ч баярлаж талархсанаа илэрхийлсээр сэтгэл өндөр гарч одлоо. "Хийсэн ажлын үр дүн ийм сайхан байхаар сэтгэл бүүр нэг сэргэчихдэг юм" хэмээн эмчийн нүүрэнд инээд тодорно. 

ХСҮТ-ийн эмч нар "Хавдрын эсрэг үндэсний аян"-ны хүрээнд хөдөө орон нутгаар явж үзлэг оношилгоо эрчимтэй явуулдаг бөгөөд үүний үр дүнд олон олон өвчтний оношийг эрт илрүүлж чаддаг тухай эмч ярьж дөнгөж сая үзүүлэгч хүн ч бас энэ аянд хамрагдсанаар өдгөө эрүүл саруул болчихоод байгаа нь энэ юм байна.

Ийнхүү эмч гараа ариутгаад суудалдаа суух ганцхан хормын дотор дараагийн өвчтөн орж ирлээ.  Ихэд туранхай, арьс нь бараан болж ядрангуй харагдах настай эмэгтэй  охинтойгоо орж ирлээ.  Эмч түүнийг танимгайран угтаж аваад биеийн байдал ямар байгааг асууж, тэдний өгсөн CD-нээс томографийн дүрсийг харна. Эмчийн царай барайх нь үр дүн тийм ч таатай бус байгааг бололтой. Үзүүлэгч настай эмэгтэй "ойрд зовиур ихтэй байгаа, хоолонд тун дургүй болсон, хэвлий томрох болсон" зэргийг тоочино. Эмч түүнд эмээ үргэлжлүүлэн уухыг зөвлөөд гаргаж, охиныг нь үлдээлээ. Оройтож оношуулсан энэ хүний элэгний хавдар нь үсэрхийлж хэвлийгээр нь тархсан бөгөөд ямар ч эмчилгээ, найдвар энд ярих боломжгүй болсныг хэлэхэд охин асгаруулан уйлах нь зүрх шимширмээр. Хэдхэн хоромын өмнө аймшигт өвчнийг ялан дийлж эдгээд гарсан нэгэн байхад энэхүү хүнд өвчинд дарлуулан сөхрөх нэгэнтэй нүүр тулах эмчийн мэргэжил юутай бэрх.   

 

Дараагийн өвчтөн орж ирнэ. Туранхай бие бараавтар царай, ядрангуй дорой биетэй эрэгтэй хүн. Элэгний В виурсын халдвартай олон жил явсан энэ хүний элэг хатуурч цирроз болсон аж.  Эмч түүний өвчний түүхийг нэг бүрчлэн үзэж, эхо оношилгоо хийж, компьютер график дүрсийг үзсэний эцэст хүнтэй хамт яваа эсэхийг лавлаад ганцаар яваа тул өөрт нь оношийг хэлж, элэг солиулахаас өөр аргагүйг дуулгалаа. Тохирсон эрүүл донор шаардсан, үнэ өртөг өндөр энэ хагалгааг хийлгэж чадах эсэхээ эмчид хэлээд үзүүлэгч эр толгой гудайлган өрөөнөөс гарлаа. Ядуу орны ядруу иргэдийн зовлон юутай их билээ.  Энэ мэтчилэн онош дуулсан үзүүлэгчид энэ өдрийн тэн хагаст гарын арван хуруунд өлхөн багтах олон байсан юм. Сэтгүүлч миний бие арваадхан хором эмчийн өрөөнд суух мөчид сэтгэл зүрх аймшигтай хөндүүрлэж, энэ өдрийг барж чадах эсэхдээ өөртөө эргэлзэн суулаа. 

 

Элэгний өвчлөлөөр эмнэлэгт хандаж ирэгсэдийн 80 хувь нь оройтож оношуулж байгааг эмч дурьдаад хүйсийн хувьд эрчүүд элэгний өвчнөөр дийлэнх өвдөж байгааг хэлсэн юм.  Гэхдээ хавдрын эрт илрүүлэг, урьдчилсан сэргийлэх үзлэгийн хөтөлбөрүүд сайжирч байгаа бөгөөд хавдраар оношлогдсон өвчтөнүүд эмнэлгийн тусламж, үйлчилгээг авч бүрэн эдгэрэх, хавдрын дахилтгүй гурав болон таван жил, түүнээс дээш хугацаанд амьдарч байгаа хүмүүсийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа нь маш таатай мэдээ байгааг ч мөн ярьсан юм.

Ийнхүү өглөөний 8 цагаас өдрийн 12 цаг хүртэл сайн болон муу мэдээтэй,  сайхнаас илүү ааш ихтэй олон өвчтөнийг толгой өөд татахгүй үзлэг оношилгоо хийсэн эмч маань үргэлжлүүлэн төлөвлөгөөт хагалгаандаа орохоор явлаа. Сэтгүүлч миний үүрэг өдөржин эмчийг дагаж, ажлыг нь сурвалжлах учраас  халширч байсан ч аргагүй эрхэнд ариутгасан хувцас өмсөөд хагалгааны өрөө рүү даган орлоо.

Хагалгааны өрөөнд нойрсуулагч эмч өвчтөнөө унтуулаад бэлэн болсон сувилагч нар эмчээ хүлээн зогсоно. Сувилагч намайг хөдөлж холхиж болохгүй, амны хаалтаа авч болохгүй зэргийг хатуу сануулаад хагалгаа эхэллээ. Хагалгаанд орогч 50 гаруй насны эрэгтэй хүн бөгөөд түүний элэгний нэг талыг тайрна гэв. Элгийг тайрах үйл явц сөөм сөөмөөр ахидаг тун няхуур, олон цагийн турш үргэлжилдэг үйл явц аж.  Энд дүрслэн бичихийн аргагүй үйл явц, цус нөжтэй самбай, эм тангийн элдэв үнэр зэрэг жирийн сэтгүүлч надад ахадсан дүрслэл байсан тул 2 цагийн дараа тэр өрөөг би өөрийн эрхгүй орхисон юм.

Тасралтгүй зургаан цаг үргэлжилсэн хагалгаа дуусчээ.  Хагалгааны үр дүнг зүрх даран хүлээсэн ар гэрийнхэнтэй нь уулзахаар эмч гарч ирлээ.  Өвчтөн нэлээд жин ихтэй байсан нь бага зэрэг хүндрэлтэй байсан ч хагалгаа амжилттай болсныг дуулгахад ар гэрийнхэн нь сая л нэг уужуу амьсгаа авцгаан эмчид баяр хүргэцгээнэ. Мөн эмч тэдэнд тусгайлан саванд хийж авчирсан, тайрсан элэг болон түүн дээрх хавдарыг үзүүллээ. Тахианы өндөгний хэмжээтэй саарал өнгөтэй бөндгөр тэр зүйл яг элэг дунд байрласан байгааг хараад тэнд байгсад дуу алдан зэвүүрхэнэ.   

Ийнхүү эмчийн ажил дуусав уу гэтэл үгүй аж.  Долоо хоногийн өмнө хагалгаанд ороод гарсан өвчтөний шарх их хэмжээгээр бохирдож, өвчин нь хүндрээд унтаарсан байдалтай ирсэн тухайг сувилагч түүнд дуулгалаа. Олон цагийн турш зогсоогоор ажилласан эмч мэс заслын хувцсаа солиод сэхээн амьдруулах тасаг руу яаран явсан юм. Тухайн өвчтөнийг үзсэний дараа  мөн төлөвлөсөн нэг хагалгаанд орох тул миний бие сурвалжлагаа энд хүргээд өндөрлөсөн юм.  

Дасаж дадаагүй орчинд байсандаа тэрүү эсвэл олон олон өвчтний сэтгэлзүйн байдал нөлөөлөв үү эсвэл сэтгэлийн бяд дутав уу гэлтэй миний бие ихэд ядарч сульджээ.   

            Эмчийн ажил гэдэг дэндүү халширмаар дэндүү бэрх мэргэжил аж. Алдах,  хойш суух эрх байхгүй, учир нь тэд тангараг өргөж байж ажлын талбарт гардаг мэргэжил эзэмшсэн эмч хүнийг энэ өдөр дэндүү их бахархлаа.

Эмчийн ажлын ганц энэ өдөр  эмч дэндүү олон ажлыг амжуулж байсан ч тэр бүхнийг энд тоочин бичнэ гэдэг хөвөрсөн урт нийтлэл болох учраас дийлэнхийг хассан болохыг энд дуулгая.

Цагаан нөмрөгт эмч нарын яруу алдар бадрах болтугай

 

 

 

 

 

Таны сурталчилгаа