Гачууртын уулзвараас Налайх, Чойрын уулзвар хүртэлх 20.9 км замыг сэргээн засварлах, өргөтгөх төслийн хүрээнд Хятадын хөрөнгө оруулалттай эхлүүлсэн зам засварын ажил амжилттай дуусаж өнөөдөр нээлтээ хийлээ. Нээлтийн үйл ажиллагаанд Хятадын хөрөнгө оруулагч компаний төлөөлөгчид болон Ерөнхий сайд У. Хүрэлсүх, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан нар оролцлоо.
Төслийн хүрээнд одоогоор 85,730 шоо метр хөрс хуулж, 568,538 ам метр далангийн дүүргэлт хийснээс гадна 20.26 км хэсэгт цементээр бэхжүүлсэн суурь, 18,4 км хэсэгт суурь асфальтан хучилт, 19 км тусгаарлах хашлага суурилуулах ажлууд хийгджээ. Дулааны улирал эхэлсэн үед дахин дөрвөн сантиметр асфальтан хучилт нэмж хийх бөгөөд явган хүний, дугуйн зам гаргаж, 2020 оны долдугаар сарын 01 гэхэд бүрэн дуусгах төлөвлөгөөтэй аж. Өнөөдрийн байдлаар гэрэлтүүлэг, замын тэмдэглэгээний ажлууд хийгдэж байна. Нийт 900 ширхэг гэрлийн шонг 30 метр тутамд байршуулна.
Энэ оны 4 сараас хойш засварын ажлаа эхлүүлж богино хугацаанд Налайхын гүүр, замыг ашиглалтад оруулсан нь зүүн аймгийн авто тээврийн жолооч нарт айх аюулгүй ажлаа хийх нөхцөлийг бүрдүүлжээ. Налайх дүүрэгт 60 жилийн өмнө зам тавьснаас хойш сэргээн засварлах үйл ажиллагаа явагдаагүй бөгөөд анхны зам засварын ажиллагаа болж байна. Нээлтийн үеэр нутгийн хөгшчүүл , хүүхэд залуучууд цуглан талархлын үгээ төслийн багийнханд дамжуулж сүүн цацлаа өргөсөн юм.