Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдлаа. Хуралдаанаар 2020 оны улсын төсвийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийв. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авав.
УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:
-Хүүхдийн мөнгийг хүсэлт гаргасан хүүхэд бүрт олгох асуудал шийдэгдсэн үү. Хоёр өрөө байртай, зурагттай, машинтай айлын хүүхэд авч чадаж байна уу?
Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогт:
-Хүсэлт гаргасан хүүхэд бүрт гаргана гэсэн шийдвэр гаргасан учраас холбогдох яамд тооцооллоо гаргасан. Ирэх жилийн төсөвт мөнгө нь суусан. Хүсэлт гаргасан хүүхэд бүр мөнгө олгоно.
УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат:
-Түүх, дурсгалын зүйлсийг хамгаалахаар музейд энэ жилийн төсөвт их мөнгө төсөвлөсөн. Гэхдээ барилгыг нураах нь буруу. Өмнөх загвараар нь барилгыг хүчитгэх хэрэгтэй. ҮХЦ хориг тавилаа. Энэ нь төсөвт нөлөөлнө. Энэ нөлөөллөөр ЕТГ-ын даргын байр суурь, Сангийн сайдын байр суурь өөр өөрөөр яваад байна. ЖДҮС-г Тариаланг дэмжих, Мал хамгааллын сантай нэгтгэжээ. Яагаад тус тусад нь байлгахгүй, нэгтгэсэн бэ? Энэ бол буруу. Хөрөнгө оруулалт тэгш бус, бодлогогүй орж ирсэн. Үүн дээр ямар нэг өөрчлөлт орох юм уу?
Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогт:
Бид "саарал жагсаалт", гадаад худалдааны тэнцэл, өвөлжилт зэргийг тооцож үзээд төслөө боловсруулсан. АМНАТ-ийн тухайд 2020 онд 1.3 их наяд төгрөгийн төлбөр төвлөрүүлэхээр тооцсон. Сангуудад шалгалт оруулаад нэлээд зөрчлийг ил гаргаж тавьсан. Энэ гурван сан бүгдээрээ зээл олгосон.
ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ:
-Түүх, соёлын дурсгалтай газруудыг энэ Засгийн газар үнэлж байгаа нь үнэн. Өнгөрсөн 27 жилд бид соёл урлагаа орхигдуулжээ. Контент үйлдвэрлэгчдээ дэмжихээр шийдсэн. Ажлын хэсэг байгуулагдаад сэргээгдэх болон сэргээгдэхгүй барилгуудын судалгаа гаргасан. Өөр шийдэл байхгүй учраас шийдэж байна.
Их эзэн Чингис хаантай холбоотой музей барих, төрсөн газарт нь цогцолбор барих асуудал маргаан дагуулж байгаа. 108 га-д бүтээн байгуулалт хийнэ. Түүхэн дурсгал газруудыг хамгаалахаар үе үеийн Засгийн газар ярьж байсан. Хийгээд оруулаад ирэхээр шүүмжлээд байх юм.
Ийнхүү гишүүд асуулт тавьж, хариулт авч, 2020 оны улсын төсвийг хоёрдугаар хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх дүгнэлтийг чуулганы хуралдаанд шилжүүлэв.