Цаг үеийн мэдээ

Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор “Залуу инженерүүдийн үндэсний чуулган-2019” Төрийн ордонд өнөөдөр болж байна.
Чуулганд оролцож байгаа 1,000 гаруй залуу инженер Мэдээлэл технологи, харилцаа холбоо, Уул уурхай, Барилга, Эрчим хүч, Зам тээврийн салбарын өнөө ба ирээдүйн талаар үндсэн илтгэл сонсож, хэлэлцэж байгаа юм.
 
Уг чуулганы уул уурхайн салбар хуралдааны үеэр "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын ерөнхий захирал Х.Бадамсүрэнгийн танилцуулсан "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын өнөө ба ирээдүй сэдэвт илтгэлээс онцлон хүргэж байна.40 жилийн түүхтэй Эрдэнэт үйлдвэр цаашдаа 60 жил үйл ажиллагаа явуулах төлөвлөгөөтэй байгааг Х.Бадамсүрэн захирал илтгэлийнхээ эхэнд хэлсэн юм.
 
Эрдэнэт үйлдвэр хөгжлийн бодлого төлөвлөлтөө техникийн бодлого, технологийн бодлого, байгаль орчны бодлого, нийгмийн бодлого, эдийн засаг, санхүү бүртгэлийн бодлого гэсэн үндсэн таван чиглэлээр тодорхойлсон. Үүнд инженерүүдийн үүрэг, оролцоо онцгой чухал.
Уул уурхайн олборлолт хийгээд санхүүгийн боломжоо бий болгох асуудал яригдаж байна. Гэхдээ бүр эцсийн утгаар нь яривал нийгмийн хөгжил, хүний л асуудал яригдаж байгаа юм.
Өнөөдрийн байдлаар Эрдэнэт үйлдвэр 31 сая тонн хүдэр боловсруулж байна.
Үйлдвэрийн насжилт уртасч байгааг дуулгахад таатай байна. Гэхдээ газрын гүн рүүгээ хүдрийн агууламж жилээс жилд буурч байгаа. Бидний хувьд хүрсэн түвшингээ бууруулахгүй байх зорилго тавьж байгаа учраас технологио сайжруулахад анхаарч байна.
 
Цаашдаа инженерүүдийн, хүний оюун ухаанаар байгаль орчин, геологийн нөхцөлтэй холбоотой асуудлаа даван гарна.
Сүүлийн жилүүдэд дэлхийн зах зээл дээрх ашигт малтмалын үнэ тогтвортой биш байгаа. Үүнийн хэлбэлзлээс үүдэн гарч болох асуудлыг чадварлаг инженер, шинэ технологийн хүчээр даван гарна.
Эрдэнэт үйлдвэр 2019 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр төсөвт 793 тэрбум төгрөг оруулахаар байгаа. Эрдэнэт үйлдвэрийн нэг ажилтан жилд 100 сая гаруй төгрөгийн баялаг бүтээж байна.
Эрдэнэт үйлдвэрт 6,600 хүн ажиллаж байгаагийн гуравны нэг нь инженерүүд. Нийт ажилчдын дийлэнх нь 40 хүртэлх насны залуучууд байгаа.
Эцсийн дүнд бидний ажил хүний төлөө л ажил.
Үйлдвэр ололт амжилтынхаа хүрсэн түвшингөөс багасгахгүй, жил тутам ахиулсаар байхыг зорьдог.
Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалд Монгол Улс яаж оролцох ёстой вэ гэдгийг Эрдэнэт үйлдвэр үлгэрлэн үзүүлэхийг зорин ажиллаж байна.
Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 15 жилд хэрэгжүүлэх бүтээн байгуулалт, төсөл хөтөлбөрийн төлөвлөгөө гарчихсан.
Үйлдвэрлэл шинжлэх ухааны амьд холбоог бэхжүүлэх тал дээр ШУА-тай хамтран ажиллаж байна.

Таны сурталчилгаа