Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Улаанцав хотууд нь хоёр улсын дипломат харилцааны баримт бичгийн зарчмуудыг үндэслэн ард иргэдийн харилцан ойлголцол, найрамдлыг бэхжүүлэх, хот хооронд харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор хамтран ажиллаж санамж бичиг байгууллаа. Санамж бичигт нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан, Улаанцав хотын орлогч дарга Ван Синуй нар гарын үсэг зурж, баталгаажуулсан байна.
Хамтын ажиллагааны санамж бичигт, Талууд эрх тэгш, харилцан ашигтай зарчмыг үндэслэн эдийн засаг, соёл, боловсрол, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, гадаад худалдаа, олон улсын тээвэр, ложистик зэрэг салбарт бодит хамтын ажиллагааг өргөжүүлнэ. Талуудын холбогдох байгууллагууд нь харилцах зөвшилцөх замаар дээр дурдсан салбарын бодит хамтын ажиллагааг өргөжүүлнэ хэмээн заажээ.