МХЕГ-ын ажилчид 210 кг орчим түүхий нүүрсийг хадгалж байсныг илрүүллээ. Тодруулбал, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2019 оны аравдугаар сарын 21-ний өдрийн өндөржүүлсэн бэлэн байдлын үеэр ажиллах албан хаагчдын хуваарь А/65 дугаар тушаалын хүрээнд байнгын хяналт шалгалт хийгдэж байна.
Энэ хүрээнд Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны иргэн П.У нь Агаарын чанарын бүсэд түүхий нүүрс шатааж түлж байсан нь тогтоогджээ. Ингэхдээ өнгөрсөн жилийн үлдэгдэл 210 кг орчим түүхий нүүрсийг битүүмжилж Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авчээ.
Мөн Увс аймгийн харьяат иргэн Б.Г нь Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт УБК улсын дугаартай суудлын авто машинаар зургаан шуудай түүхий нүүрсийг тээвэрлэж явсныг илрүүлжээ. Энэ дагуу торгууль тавьж түүхий нүүрсийг Амгалан дулааны цахилгаан станцад өгсөн байна.