Энэ удаагийн ярилцлагын маань зочноор Битбоксчин Рей буюу СТА Б.Нарандэлгэр уригдлаа. Битбоксоор хичээллээд арван таван жил болж буй тэрээр "Хөөмий бит" хэмээх шинэхэн урсгалыг гаргаж ирсэн бөгөөд түүнийгээ Гиннесийн номонд бүртгүүлсэн билээ. Ингээд авьяаслаг уран бүтээлчийн ярилцлагад анхаарлаа хандуулахыг урьж байна.
Зө.мн : - Энэ өдрийн мэнд хүргэе. Монгол үндэсний өв соёл болсон Хөөмийн урлагаа дэлхийн дээд амжилтыг тогтоодог Гиннесийн номд бүртгүүлсэнд баяр хүргэе.
Б.Н: - Баярлалаа. Танай сайтын уншигчдад энэ өдрийн мэнд хүргэе.
Зө.мн : Таны хувьд 2004 оноос анх битбокс урлаг буюу амаар хөгжимдөх урлагаар хичээллэж эхэлсэн гэхээр нэлээдгүй олон жилийг үджээ. Тэгэхээр энэ урлагтаа улам төгсөрч байгаа нэг шинж нь усан доторх хөөмий юм. Ер нь усан дотор хөөмий бит хийх санаа хэрхэн төрсөн бэ?
Б.Н: - Миний хувьд 2013 онд Японд амьдарч сурч байсан тэр үед NHK –ын хаалттай шоу зохион байгуулагдаж тэр үед сонин содон үзүүлбэр үзүүлэх боломж олдсон. Тэр үед юу үзүүлж болох вэ гэж их бодсон л доо. Тэгээд эрсдэлтэй үзүүлбэрийг үзүүлье гэдэг санаа орж ирсэн. Тэр цагаас хойш 6 жилийн хугацаанд бэлтгэл хийгээд явж байна.
Зө.мн : - Та хөөмийн урлагийг дэлхийд таниулах том алхмыг хийж Геннист бүртгүүллээ шүү дээ. Ер нь хөөмийн урлагаар хэчнээн үндэстэн ястнууд оролцож байсан бэ?
Б.Н: - Язгуурын соёлын үнэт өв Монгол хөөмийг "Гиннесийн ном"-д бүртгүүлэх сорилтод Монгол улсын 21 аймгаас тэр дундаа Ховд, Тува, Өвөрмонголоос нийт 1308 хөөмийчид ирж, зэрэг хөөмийлж оролцсон. Хамгийн залуу хөөмийчин 4 настай байхад хамгийн настай хөөмийчин 84 настай байх жишээний. Мөн МУГЖ, Нэрт хөөмийчин Н.Сэнгэдорж, Б.Одсүрэн нар ирж оролцсон. Эдгээр хүмүүс маань үгүүлэхүйн эрхтний биет бус өв соёлыг хойч үедээ өвлүүлэх нэг хүсэл зорилготой.
Зө.мн : - Та Гиннесийн амжилтыг бүртгэхээр ирсэн шүүгчдэд зориулж усан дотор Хөөмий Бит хийж үзүүлсэн. Усан доторх хөөмий гэхээр төсөөлөхөд бэрх санагдаад байна л даа. Мэдээж хэцүү бэрхшээлтэй зүйлс олон байх?
Б.Н: - Хэцүү зүйл олон байлгүй яахав. Мэдээж усан дотор амьсгалах ямар ч боломжгүй шүү дээ. Эхлээд хичээллэж эхлэхэд ус залгина, чихэнд ус ороод дүлийрэх гэх мэт асуудлууд тулгарч байсан. Ер нь бол маш их дадлага хийсэн, хичээл зүтгэл шаардсан. Усан дотор хөөмийлөх эхний оролдлого маань 5-10 секунд л үргэлжилдэг байсан. Харин Гиннест бүртгүүлэх үзүүлбэртээ усан дотор 1 минут тоглосон. Мөн усны гаднах үзүүлбэртээ дан эмэгтэй 30 хөөмийчтэй хамтарч үзүүлбэр үзүүлсэн.
Зө.мн : - Тэмцээний үеэр хэр сандарсан бэ? Хөгтэй болон хөгжилтэй явдал тохиолдов уу?
Б.Н: - Уг нь усан дотроос шууд дамжуулалт хийхээр төлөвлөж байсан ч сүлжээнээс болоод хийж чадаагүй. Мөн бассейны усанд үзүүлбэрээ үзүүлэх үеэр маш хүйтэн байснаас болоод даараад ээрээд сүйд болсон. / Инээв/.
Зө.мн : - Хөөмийн урлагийг дэлхийд таниулахад өөр ямар ажлуудыг зохион байгуулж байна вэ?
Б.Н: - Хөөмий буюу биет бус өв соёлыг залуус бид нэгэндээ зааж өвлүүлж, бусдад түгээж дэлгэрүүлэхгүй бол устаж үгүй болох аюултай. Ховд аймгийн зон олон соёлын үнэт өв болсон хөөмийн урлагаа өнөөдөр “Дэлхийн дээд амжилт”-д бүртгүүлэх гэж байна. Уг үйл ажиллагаанд тус аймгийн ерөнхий боловсролын 25 сургууль, 15 цэцэрлэг, “Ховд” их сургууль, “Хөгжил” политехник коллеж, Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн авьяаслаг залуус, хүүхэд багачууд болон ардын авьяастнууд, мэргэжлийн уран бүтээлчид зэрэг 1400 гаруй хөөмийч оролцсон. "Хүн хөгжим" болсон Монгол хөөмийг "Гиннесийн ном"-д бүртгүүлэх түүхэн үйл хэрэгт оролцохоор бусад аймгуудаас, нийслэл хотоос, Бүгд Найрамдах Тува Улс, ӨМӨЗО-оос хөөмийчид хүртэл ирсэн.
Зө.мн : - Таны хувьд битбокс урлагийг эзэмшсэн уран бүтээлч шүү дээ. Хөөмий, битбокс хоёрт ижил төстэй зүйлс бий юу?
Б.Н: - Хөөмий бол хүний багалзуур хоолой, хэл, тагнаагаар хөгжимддөг. Хадны завсрын исгэрээ, хүрхрээний чимээ, салхины исгэрээ гээд байгалаасаа сонсогддог аяыг хүн өөрөө өгүүлэхүйн эрхтнээрээ хөгжимддөг. Битбокс маань уруул, хэл, багалзуураар хөгжимддөг гээд нийтлэг тал ихтэй. Ялгаатай тал нь гэвэл хөөмий аялгуу гаргадаг бол битбокс бол ритм гаргадаг. Тийм ч учраас битбокс урлагийн гарал үүсэл нь хөөмийнөөс үүдэлтэй юм болов уу гэж боддог. Хүн өөрөө хөгжим гэвэл хүний зүрх яг л бөмбөр шиг. Бөмбөрийг амьд хөгжмийн зүрх гэж үздэг. Энэ нь хүн хөгжмийн холбоо юм болов уу. Миний хувьд битбокс болон хөөмийн урлаг нь хүн, хөгжим, байгаль гурвын шүтэлцлийн холбоо гэж боддог.
Зө.мн : - Ер нь хөөмийн урлаг хэр дасгал сургуулилт шаарддаг вэ?
Б.Н: - Ер нь аливаа зүйлс байнга давтаж, хичээллэж байхгүй бол амархан мартагдах, сулрах талтай байдаг шүү дээ. Миний хувьд боломж л гарвал байнга давтаж байдаг. Машинд явж байхдаа, гэрийнхээ ажлыг хийж байхдаа, усанд орохдоо хүртэл хоолойны өнгө дуугаралтаа сонсож, хичээллэж байдаг. Тэрнээс яг тусгайлан цаг гаргаж байж хичээллэнэ гэвэл боломж тэр бүр олдохгүй шүү дээ. Харин шинэ уран бүтээл туурвихдаа бүх ажлаа хаяад суучихдаг шүү.
Зө.мн : - Ойрын үед төлөвлөөд байгаа ажлуудаасаа хуваалцаач?
Б.Н: - 2018 онд Монголын үндэсний битбокс холбооны 10 жилийн ой болсон юм. Энэ үеэр өсвөр үеийн хүүхдүүд дунд биет бус өв соёлын тухай, дэлхийн хөгжмийн урсгал хандлагын тухай мөн хөөмийн урлаг өнөө цагт хэрхэн хөгжиж байгаа талаар танилцуулсан. Энэ хүрээнд нийслэлийн арван жилийн 60 сургуулийн 10000 орчим сурагчдад таниулан сурталчилсан нь маш амжилттай болсон. Энэ ажлаа нийслэлийн дунд сургуулиудыг хамруулж дуусгасан. Одоо хөдөө орон нутгаар явах төсөл хэрэгжиж байна.
Мөн олон улсын битбокс холбооноос энэ оны 10-р сарын 31- ээс эхлэн хөөмий болон бит -ээр уран бүтээл туурвидаг хүмүүст зориулан онлайн болон танхимын сургалт хийх үйл ажиллагааг эхлүүлсэн байгаа. Энэ ажлыг Ховд аймгийн Засаг даргын тамгын газартай хамтран зохион байгуулж байна. Одоо бас шинэ жил болох гэж байгааг тохиолдуулан шинэ уран бүтээлүүд дээр ажиллаж байна даа.
Зө.мн : - Бид хоёрын ярилцлагын дийлэнх хэсэг уран бүтээлийн тухай яриа байлаа. Хоёулаа сэдвээ бага зэрэг өөрчлөе. Сайн уран бүтээлч Б.Нарандэлгэр хэр сайн аав бэ?
Б.Н: - Миний хувьд гадагшаа байнга тоглолтоор явж байдаг учраас цаг завтай үеэ аль болох гэр бүлдээ зарцуулж байхыг хичээдэг / инээв/. Гэхдээ миний хань миний ажил, уран бүтээлийг ямагт ойлгож, дэмжиж, амжилттай явахад тусалдаг.
Зө.мн : - Баярлалаа, танд амжилт хүсье.