Цаг үеийн мэдээ

            Нийслэл хотод маань нэгэн театр шинээр мэндэллээ. Өчигдөр буюу 2019 оны 11 дүгээр сарын 7-ны үдэш "Хүн" хэмээх театр  нээлтээ хийж, цоо шинэхэн тайзнаа анхны уран бүтээлүүдээ толилууллаа. Өндрөөрөө гурван давхар байшинтай тэнцэх монгол гэр хэлбэртэй, өвөрмөц донж маяг бүхий дотоод зохион байгуулалттай, гэрэл техникийн шийдэл сайтай уг театрын үүсгэн байгуулагчид нь гэр бүлийн хосууд болох Д.Болор-Эрдэнэ, МУГЖ бүжиг дэглээч Д.Энх-Гэрэл нар юм.

            Бүжгийн урлагт энэ амьдралаа зориулж яваа ханьдаа зориулж энэ театрыг барьснаа Д.Болор-Эрдэнэ нээлтийн үеэр хэлж байлаа. Гэр театрын диаметр нь 30 метр, тооно хүртэлх өндөр нь 13.8 метр буюу гурван давхар байшинтай тэнцэх хэмжээтэй. Нийт 720 м.кв талбайтай. Уг театр орчин үеийн шинэлэг шийдэл бүхий 300 хүний суудалтай. Тоглолтын тайзны урт нь 17, өргөн нь есөн метрийн өргөнтэй. Гэр бүлийн хоёр урлагийн ариун ордон болсон театраа гоё газар барихаар олон газар хайж судласаар эцэст нь Скай ресортыг сонгосон аж.   

            Өнгөрсөн 2018 оны 4 дүгээр сард бүтээн байгуулалтын ажлаа эхлүүлсэн уг театрын төсөлд "Эм Си Эс" группын захирал Ж.Од, Япон улсын иргэн Монгол Улсын Соёлын элч Каваүчи Широ сан болон миний оюутан цагаас өдийг нөхөрлөж ирсэн анд найз Орхон аймгийн Төгөл группийн захирал Д.Гантөмөр  санхүүгийн дэмжлэг үзүүлжээ.

            Театрын нээлтэд МУГЖ бүжиг дэглээч Д.Энхгэрэл өөрөө бүжгийн номер үзүүлж, уригдан ирсэн зочдодоо хүндэтгэл үзүүлсэн юм.

Мөн түүний том охин Б.Замилан "Говийн домог" уран сайхны киноны дуу "Зүрхний амраг" бүтээлээ дуулсан бол дунд охин Б.Халиун балетын гоцлол номер үзүүлсэн нь аргагүй л урлагийн гэр бүлийн өв залгамжлагчид болох нь тодхон харагдаж байлаа.         Нээлтэд уригдсан зочдын дунд эрдэмтэн судлаач С.Дулам гуай уригдсан байсан бөгөөд МУГЖ  бүжиг дэглээч Д.Энхгэрэл С. Дулам эрдэмтний судалгаанаас сэдэвлэн бүтээсэн "Хөмөргөн гурвалжин" бүжгэн жүжгийг 12 сард тайзнаа тавихаар  бэлтгэлээ базааж байгаа гэнэ лээ.

 

 

 

Таны сурталчилгаа