Нийслэл хот руу түүхий нүүрс тээвэрлэхийг хориглосон Засгийн газрын шийдвэр гарсан. Энэ дагуу “Таван толгой түлш” ХХК нь нийслэл хотын 180 мянга орчим айл өрхийг утаагүй түлшээр хангахаар ажиллаж байгаа юм. Энэ ажлын дагуу нийслэлд тогтсон хангамжийн баазууд байрлаж байна. БЗД-ийн хувьд 1-р хороонд байрлах Сэлбийн хангамжийн бааз нь дотроо чанар шалгагч болон бусад ажилчдын бүрэлдэхүүнтэй Сүхбаатар, Дарь эх орчмын айлуудыг шахмал түлшээр хангаж байгаа аж. Хангамжийн баазын нөөц таталт өдөр бүр ирдэг бөгөөд нэг удаагийн таталтад 2-3 тонн шахмал түлш ирж байна гэсэн мэдээллийг өгсөн юм. Ингэхээр иргэд энэ өвлийн түлшний нөөц болон үнэ ханшид санаа зовох хэрэггүй болж байна. Одоогийн байдлаар шахмал түлш 25 кг-ийн шуудайгаар савлагдан 3750 төгрөгөөр зарагдаж байгаа нь түүхий нүүрс хэрэглэснээс илүү хямд тусч байгаа юм. Мөн нийслэлд бүртгэлтэй өрхөд шахмал түлшний карт өгч байгаа нь хөдөө орон нутгаас шилжин ирсэн бүртгэлгүй иргэд шахмал түлш авах эрхгүй болж байгаа юм.
Ингээд бид БЗД-ийн оршин суугчдаас шахмал түлш тойрсон асуудлаар яриа авч, сэтгэгдлийг нь сонссон юм. Иргэд шахмал түлшийг дийлэнхдээ буруу хэрэглэсний улмаас угаар их гарч байна. Энэ нь хүний амь нас эрстэх гол шалтгаан болж байгааг хэлж байлаа. Мөн өмнө түлсэн галаас үлдсэн цог дээр нүүрсээ хийхэд асалт нь маш удаан, асаж, утаа уугиж байгаа нь харагддаггүй учраас иргэд маань мэдэхгүй шөнө ахиж нэмж хийгээд унтчихдаг гэж байв.
Мөн тус хорооны иргэд шахмал түлшийг үнэр гарахгүй, утаа үзэгдэхгүй байгаад нь маш их талархаж байна гэж дамжуулсан юм.