Жаварлаг хүйтэн өдрүүдийг гайхамшигт Монгол хүнс болох шар тос хайлмагаа түлхүүхэн хэрэглэж давах ёстой юм. Хайлмаг бол өглөөний цайны сонгодог хүнс бөгөөд шөнөжин биед хуримтлагдсан хийг хөөдөг байна. Хайлмагийн өөрийн гараар, өөрийн жороор хийвэл илүү сайхан амттай болно. Тиймээс эзэгтэй танд хайлмаг хайлах аргыг хүргэе.
Шар тосыг ялгаж ээзгий хийж хутгасан цөвийг ээзгийтэй тос гэх буюу зарим нутагт холиотой тос гэнэ. Шарыг нь авсан цөвөн дээр мэхээрийн гурил холивол бор тос болох бөгөөд үүнийг мэхээрт тос гэдэг. Мэхээрийн гурил ээзгий мэт хольцгүй хайлуулж шарыг нь багаар авсан тосыг хайлмаг гэнэ. Цөвөнд сүү хийж аривжуулан гурил нэмж хольсон тос хийнэ. Үүнийг зарим нутагт хайлмаг гэдэг.
Орц:
Түүхий өрөм - 300 гр
Гурил - 200 гр
Үзэм - 1 атга
Элсэн чихэр - 2 хоолны халбага
Давс өөрийн амталгаагаар
Хийх арга:
Зузаан ханатай саванд өрмөө хийж хайлуулна. Хайлсан өрөм дээр гурил хийж 2-3 минут орчим хутгаж хуурна. Шарагдсан гурил дээр чимх давс хийгээд усыг бага багаар нэмж үргэлжлүүлэн 2-3 минут орчим хутгаж хайрна. Үүн дээрээ элсэн чихэр, үзэм нэмж хутгана. Элсэн чихэр хайлж, хайлмаг шаргал өнгөтэй болоход тогооноос гаргаж таваглана. Түүхий өрмийн оронд цөцгийн тос хийж болно.