Нийслэлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд байрлах "Өгөөмөр" захын зүүн талд аж ахуйн нэгж нийтийн эзэмшлийн зам талбай, орц гарцыг хааснаас болж "Ахмадын хотхон", "Шинэ үе", "Өгөөмөр" хотхоны 10000 гаруй оршин суугчдын эрх ашиг зөрчигдсөөр ирсэн байна.
Дээрхи нөхцөл байдлыг өнөөдөр хотын Захирагч С.Амарсайхан газар дээр нь очиж шалгаснаар иргэдийн ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэн, орц гарцыг нээх, замын бөглөрөл түгжрэлийг сааруулахад гурван чиглэлийн замыг богино хугацаанд нээж ажиллахыг холбогдох албаныханд үүрэг болгов.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан энэ үеэр иргэдэд хандан “Та бүхний гаргасан гомдол саналыг нийслэлээс богино хугацаанд шийдвэрлэхээр болж байна. Харин одоо иргэд оршин суугчид та бүхэн амьдарч буй орчныхоо гаднах талбайг тохижуулж, ногоон байгууламж бүхий стандартад нийцсэн орчинтой болгоорой. Иргэд ч мөн эрхээ эдлэхийн дээр үүргээ ухамсарлан өөрсдийн ая тухтай орчныг бүрдүүлэх ёстой шүү” гэсэн юм.