СЭТГҮҮЛЧИЙН НЭГ ӨДӨР
11 ДҮГЭЭР САРЫН 21. Өнөөдөр Телевизийн өдөр. Дэлхийн телевизийн өдрийг (World Television Day) энэ өдөр тэмдэглэж байхыг НҮБ-ын Ерөнхий ассамблей 1996 оны 12 дугаар сард шийджээ.
За тэгэхээр тусгайлан тэмдэглэх өдөртэй Телевиз хэмээх энэ салбарын тухай "Сэтгүүлчийн нэг өдөр" буландаа онцлохоор шийдлээ. Бид бүхэн олон жилийн өмнөөс телевиз гэх энэ зүйлтэй эчнээ танилцаж, орчлон хорвоод болж буй бүхий л мэдээллүүдийг түүгээр хүлээн авч байдаг ч хөшигний ард чухам ямар ажил өрнөж байдгийг тэр бүр мэдэхгүй билээ. Харин миний бие тэрхүү хөшгийг бага зэрэг нээж тэнд өрнөх ажлын зах зухаас харуулахыг хичээлээ. Миний бичвэрт Монголын ууган телевизүүдийн нэг UBS телевизийн ажлын нэг өдөр өгүүлэгдэх болно.
Телевизийн антенн. Нийслэл хотын хаанаас ч харсан сүндэрлэх энэ антенний дэргэд UBS тв 25 жилийн туршид үйл ажиллагаагаа явуулж, нэг ч хором алгууралгүйгээр эфирээ үзэгч олонд хүргэсээр байна.
ХӨШГИЙГ НЭЭЕ.
Өглөөний 07.00 цаг. Эртэч хүмүүсийн хувьд энэ цагт аль хэдийнэ босчихсон өглөөний дасгалаа хийчихээд цайгаа ууж байх цаг. Гэхдээ тэд телевизэрээ асаахаа мартахгүй ээ. Ер нь бидний өглөө босуут хийдэг рефлексүүдийн нэг бол зурагтын асаах товчийг дарах билээ.
Тэгвэл телевизийн эфир мөн энэ цагт эхлэнэ. Эфирийг яг цагт нь эхлүүлэхийн тулд найруулагч, инженер техникийн ажилчид өглөөний 06.30 цаг гэхэд ажил дээрээ бэлэн ирчихсэн байх ёстой. Тэд өглөөний шууд нэвтрүүлгийг алдаа мадаггүй шууд дамжуулж, бусад нэвтрүүлгүүдийг цаг тухай бүрт нь эфир дээр өрж, дуу дүрсийг нь үдшийн 00.00 цаг хүртэл нүд салгалгүй хянаж сууна. Тэгэхээр эфирийн найруулагч, инженерүүдийн ажил маш эрт эхэлдэг байх нь, бас тэр хэрээр хамгийн их хариуцлагыг хүлээнэ.
Өглөөний 08.00 цаг. Хөтлөгчид эфиртээ бэлдэж байна
Тэд хөөрхөн харагдаж байгаа биз?
Яагаад ч юм үзэгчид сайхан хөтлөгчдөд дуртай байдаг юм шиг санагддаг шүү. Заза тэр яахав, гол ажилдаа орьё.
Үзэгчдийн сайн мэдэх 20–иод жил тасралтгүй явж байгаа "Кофе юу, цай юу?"нэвтрүүлэг өглөөний 09.00 цагт цагт эхэлнэ. Энэ нэвтрүүлэгт орох зочдыг редактор 7 хоногоор нь төлөвлөсөн байдаг. Гол нь уг нэвтрүүлэг шууд явдаг учраас хөтлөгчид цагийн өмнө ирж үс зүсээ янзлуулсан байх ёстой бөгөөд хоцорвоос найруулагчид загнуулна. Харин хөтлөгчийн үс гэзгийг янзлах, нүүр нүдийг нь будах стилист нь түүнээс эрт ирж өрөөгөө нээн, үсний индүүгээ халаагаад байлдааны бэлэн байдалд зогсож байна. Ер нь телевизийн ажил бие биенээсээ хамаатай багийн ажил байдаг. Хэн нэг нь л хариуцлага алдвал тухайн нэвтрүүлэг, шууд дамжуулалт эфирээр цацагдахад хүндрэлтэй болно.
Хөтлөгчийн бэлдэж байх зуурт зочин угтагч зочныг угтаж аваад студид нь оруулна. Бэлэн болсон хөтлөгч нэвтрүүлэг эхлэхээс 20 минутын өмнө студид орж зочинтойгоо ярих сэдвээ зөвлөлдөнө.
За дууны техникчид орж хөтлөгч болон зочдод микрафоныг зүүж өгч байгаа нь шууд нэвтрүүлэг эхлэх болжээ гэсэн үг юм.
Зураглаачид бүгд байраа эзэлж, камер аслаа. Зүүсэн чихэвчинд найруулагч нэвтрүүлгээ эхлэх дохиог өгнө. Яг энэ үеэр бяцхан сандрал цээжинд мэдрэгдэх ч цаг нь тулсан зүйлийг даваад гарахаас өөр яалтай. Гүнзгий амьсгаа аваад... "Өглөөний мэнд хүргэе үзэгчдээ Кофе юу цай юу нэвтрүүлэг эхэлж байна..." За ингэж шуудаа эхлүүлээд 40 минут эфирийн хурц гэрлүүдийн дунд сууна даа. Халуун төөнөсөн студид өчнөөн олон үзэгчдийн нүд чих дунд шууд ярилцлагыг хөтлөх зуураа дараагийн асуултуудаа тархиндаа боловсруулан алдах эрхгүй ажиллах 40 минут.
Өдрийн 13.00цаг. Мэдээний студи – нэг л халгамаар сүрлэг санагддаг
Энэ бол бидний өдөр тутамд чухал мэдээллээ авдаг "Сити ньюс" мэдээллийн хөтөлбөрийн студи. Өдрийн 13.00 цаг болон оройн 20.00 цагуудад мэдээ шууд явна. Мэдээ уншдаг дикторууд ер нь гоо үзэсгэлэнтэйн дээр үнэхээр мундаг хүмүүс санагддаг, та бүхэн ч санал нэг байгаа биз дээ? Угаасаа тухайн телевизийн нүүр царай нь дикторууд нь байдаг даа.
Тэд аль хэдийнэ өөрийгөө бэлдчихээд мэдээний гаргагчийн бэлдэж өгсөн мэдээнүүдийг уншиж, агуулгуудтай нь нягт танилцана. Ер нь дикторууд мэдээтэйгээ танилцаагүйгээр шууд эфирт сууж болохгүй. Эс бөгөөс гунигтай мэдээг аз жаргалтайгаар уншаад сууж байвал яана. Танд нэг нууцыг дэлгэхэд мэдээний дикторууд болон эфирт гарч байгаа хөтлөгчдийн үс зүс тухайн байгууллагын өмч байдаг. Тэд өөрсдийн дураар үсээ тайрч, элдэв тод өнгийн будгаар будаж болохгүй. Мөн эфирт хэт тод болон цээж ил гарсан, ханцуйгүй хувцас өмсөхийг хориглоно.
Өдрийн 15.00 цаг. Wow, Сүмо эхлэх гэж байна, дэлгэцэндээ ойртоорой үзэгчдээ!
Мэргэжлийн сүмо бөхийн башёг шууд дамжуулдаг цөөхөн телевизийн нэг бол UBS тв. Сүмо сонирхогчдын тэсэн ядан хүлээдэг энэ барилдааныг үзэгчдэд Япон улсаас шууд хүргэхийн тулд ард нь инженер техникийн ажилчдын нөр их ажил явж байдаг. Нэвтрүүлэг эхлэхээс өмнө инженерүүд хиймэл дагуулаас уг нэвтрүүлгийн сигналыг хүлээж авна. Тэр сигнал бас тийм амар орж ирэхгүй, зарим үед дуулгаваргүй хүүхэд мэт л аашилдаг юм билээ.
За тэгээд UBS телевиз үзэгчдийн эрх ашгийг нэн тэргүүнд тавих дүрмийг эрхэмлэдэг учраас барилдааныг ойлгомжтой сайхан тайлбарлах Япон хэлний мэдлэгтэй тайлбарлагч хөтлөгчид хэрэгтэй. Хөтлөгчид шууд эфирт ороход бэлэн болжээ. Сүмог тайлбарлаж байгаа хөтлөгч уг тэмцээнийг яг дэргэдээс үзэж байгаа мэтээр зарим үед сэтгэлийн хөдөлгөөн үзүүлдэг нь үзэгчдийг тухайн орчинд аваачдаг юм шиг санагддаг. Мэргэжлийн үг хэллэг шаардагдах бас л амар ажил биш шүү.
Оройн 20.00 цаг . "Сайн уу Сайнаа" та бүхэндээ мэндэлж байна
Маш гоё бэлдсэн тайзан дээр хөтлөгч зочны хамт ярилцана. Хөтлөгч зочноо хэзээ язааны таньдаг хүн мэт л түүнтэй торох юмгүй ярих юм. Мундаг юмаа... Сонирхолтой ярилцлага, өнгөлөг тайз, өнгө өнгийн гэрэлтүүлэг бүхий энэ нэвтрүүлгийн ард бас л олон хүний хөдөлмөр оршино доо. Нэн түрүүнд сэтгүүлч зочноо сонгоно. Улмаар зочныхоо талаар маш сайн судалгаа хийнэ. Үүний тулд интернэт ухна, уг хүн нь гүүглд мөргүй хүн байвал найз нөхөд таньдаг хүмүүстэй нь уулзаж, ярилцаж мэдээлэл цуглуулна. За тэгээд асуултуудаа нэг бүрчлэн жагсаан бичнээ. 40-50 минутын энэ нэвтрүүлгийг үзэгчдийг уйдаахгүй хийхийн тулд зочноо маш сайн яриулах ёстой. Мөн "Сайн уу Сайнаа" нэвтрүүлэг зочиндоо зориулж сюрприз бэлддэг нь бусдаас онцгой. Сюрприз нь тухайн зочны ойрд уулзаж учраагүй дотны хэн нэгэн байх ёстой. Гол нь тэр хүнээ хараад уулга алдтал баярлах ёстой юм шүү дээ. Харин тэр хүн чухам хэн байхыг мөн л хайна даа. Ер нь их л эрэл хайгуул ихтэй нэвтрүүлэг. Зочноо судалж байх зуурт арын албаныхан буюу зураач, найруулагчид тайзны зургийг гаргаж, уран сайхны удирдаачаар батлуулаад тайзны ажилдаа орно.
Бусад нэвтрүүлгүүд ч энэ мэтчилэн дарааллаар хийгдэнэ.
Арын албаныхан – Тэд телевизийн асаалттай “танкууд”
Үзэгчдийн өмнө гараад байхгүй ч тэдний мэлмийг баясгаж байгаа нэвтрүүлэг мэдээ, киног бэлдэж байдаг өчнөөн олон хүмүүс арын албанд ажилладаг. Үүнд найруулагчид, зураглаачид, инженер техникийн ажилчид, өдөр тутмын мэдээний сэтгүүлчид, эвлүүлэгчид, дууны найруулагчид, киноны дуу оруулагчид, стилистүүд, санхүүгийн ажилчид, жолооч, үйлчлэгч гээд олон хүн телевиз хэмээх нэгэн том байгууллагыг бий болгож байдаг. Ганцхан нэвтрүүлгийн ард энд нэр дурдсан бүх хүн оролцдог гээд та бүхэн бод доо. Энэ том телевизэд мэдээж маш олон нэвтрүүлэг, маш олон шууд дамжуулалтууд өдөр тутамд явж байдаг. Тэр бүхнийг энд бичих боломжгүй тул бичвэрээ ингээд өндөрлье.
Тиймээс үзэгчид минь амралтын өдрүүд, тэр тусмаа тэмдэглэлт баяруудаар ажил нь ид оволзож, амрах завгүйгээр та бидний амьдралд баяр нэмэх нэвтрүүлгүүдийг бэлдэж байдаг телевизийн ажилчдын ажлыг хүндэлж байгаарай. Өнөөдөр Телевизийн өдөр, та бүхэнд амжилт хүсье!