Цаг үеийн мэдээ

Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы өчигдрийн (2024.12.27) хуралдаанаар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн талаарх төсөл санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авсан юм.

Улсын Их Хурлын гишүүн Ж.Галбадрах төслийг зарчмын хувьд дэмжиж байгаагаа илэрхийлээд хот байгуулахтай холбоотой эрх зүйн орчныг бүрдүүлсэн эсэх, Хархорум хотын байгуулалтад аялал жуулчлалын чиглэлийг хэрхэн тодотгосон талаар тодруулсан. Анх удаа хотыг төлөвлөж, байгуулахаар санаачилсан гэдгийг онцлоод Хархорум хотын захиргааг байгуулсан талаар мэдээллийг өгсөн. Тус захиргаанаас өнгөрсөн хугацаанд олон улсын нээлттэй сонгон шалгаруулалт зарлахад архитектур, хот төлөвлөлтийн олон улсын компаниуд саналууд ирүүлсэн хэмээн Монгол Улсын сайд Н.Учрал хариуллаа. Төр, хувийн хэвшлийн түншлэлээр бүтээн байгуулалтыг өрнүүлэхээр тооцож, Гаалийн тарифын тухай хуульд өөрчлөлт оруулах, хөрөнгө оруулалт хийх тохиолдолд татваруудаас чөлөөлдөг, хойшлуулдаг энэ эрх зүйн орчныг нь бүрдүүлэх юм байна. Хархорин нь Их Монгол Улсын нийслэл байсан төдийгүй олон улсын худалдааны зангилаа төв байсныг тэрбээр дурдаад, Орхоны хөндийд одоо ч гэсэн жилд 40-50 мянган жуулчин очдог учраас хот байгуулахдаа эдгээрийг тооцсон болохыг тайлбарласан. Түүнчлэн Их Монгол Улсын нийслэлийн туурийг сэргээж, музей хэлбэрээр ажиллуулах, монгол залуусын виртуал орчинд бүтээсэн эртний Хархорум хотыг олон улсад сурталчлах боломжтой хэмээн үзсэнийг тэрбээр хариултдаа дурдсан. Шинэ хот байгуулах санхүүжилтийн талаар тодруулахад “Нэн тэргүүнд дэд бүтцийг нь шийдэх шаардлагатай. Улс, орон нутгийн төсөв, гадаад, дотоодын санхүүжилтээр дэд бүтцийг нь бүтээн байгуулахаар төлөвлөөд, ажиллаж байна. Тийм учраас энэ хуулийн төслийг дагалдуулаад хууль, тогтоолын төслүүдийг  өргөн мэдүүлсэн. Эдгээр нь батлагдвал Хархорин хот бие даасан статустай болоод, Захирагчтай болоод бүтээн байгуулалтын ажлууд эхэлнэ” гэж Н.Учрал сайд хариулсан. Хот байгуулах мэргэжил ашиглалтын өмнөх захиргааг яаралтай байгуулж, ажилд нь оруулах нь зүйтэй гэдэг байр суурийг А.Ганбаатар гишүүн илэрхийлээд, төмөр зам, агаарын тээвэр, хурдны зам, метро, хурдны галт тэрэг зэргийг байгуулах, мөн засаг, захиргааны байгууллагуудаа төвхнүүлж, сургууль, эмнэлэг, соёл, спортын байгууламжуудаа байгуулчихвал хүмүүс аяндаа шилжин суурьшиж, төвлөрөл бий болно хэмээсэн.

Орхоны хөндий нь түүхийн арвин баялаг дурсгалтай төдийгүй байгалийн өвөрмөц сайхан тогтоц, нүүдлийн соёл иргэншлийн цөм, археологи антропологийн дурсгал ихтэй өлгий нутаг гэдгийг Ж.Баярмаа гишүүн дурдаад, бүтээн байгуулалт өрнүүлэхдээ археологи, антропологийн судалгааг хамт хийсэн эсэхийг лавлав. Ажлын хэсгээс хариулахдаа “Газар доор нь монгол угсаатны 5 нь нийслэлийн туурь байгаа учраас 2004 онд Орхоны хөндийг ЮНЕСКО дэлхийн соёлын өвд бүртгэсэн. Хархорум хотыг барих газрын байршил нь ЮНЕСКО-д бүртгэгдсэн дэлхийн соёлын өвийн газар дээрээ давхцаж болохгүй учраас хот байгуулахад тохиромжтой, зэрэгцээ 183 га газрыг Засгийн газар тусгай хэрэгцээнд авсан” гэв.  Түүнчлэн хот бүхэлдээ төлөвлөгдсөн байх учраас энэ дагуух хөрөнгө оруулалт, түүнийг дагасан газар олголтын шийдвэр гаргах болно гэдгийг ажлын хэсэг тайлбарлав. Хархорум хотын хөгжлийн бүтээн байгуулалтын хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатай гэдэг байр суурийг С.Эрдэнэболд гишүүн илэрхийлээд энэ чиглэлээр ямар төлөвлөгөөтэй байгааг тодруулсан. Хот төлөвлөлтийн нарийвчилсан стратегийг боловсруулж, дэд бүтцийг орчин үеийн дэвшилтэт технологийн дагуу бүтээн байгуулах, ногоон байгууламжийг тэргүүн эгнээнд тооцож, төлөвлөдөг, иргэдийн оролцоог хангах зэрэг хотыг сэргээх олон улсын жишиг байдгийг Н.Учрал сайд дурдаад “Хархорум хот анх 1220 онд байгуулагдсан. Тухайн орчин нь газарзүйн байршил, цаг уур, орчин нөхцөл, байгалийн хувьд нэн таатай, даацын хувьд хангалттай учраас хот байхад зөв байршилтай. Тэр ч утгаараа хотыг сэргээн байгуулахдаа түүхэн дурсгалт газрыг нь сэргээж, орчин үед нийцүүлэх нь чухал гэж харж байна. Тийм ч учраас Хархорум хотын тэргүүлэх чиглэл нь түүхэн аялал жуулчлал байж, бүтээн байгуулалтыг үүнд чиглүүлэн, брэндинг бүрдүүлж, дэлхийд таниулах ёстой гэж үзсэн” гэв. Б.Батбаатар гишүүнийн тодруулсны дагуу өнөөдрийг хүртэлх ажлуудын талаар ажлын хэсгээс мэдээлэл өгөв. Урьдчилсан ТЭЗҮ-ийг боловсруулсан бөгөөд 26.4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийж байж 500 мянган хүн амьдрах хот болох боломжтой, үүний 70 хувийг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэхээр төр-хувийн хэвшлийн түншлэлээр хийх шаардлагатай ажлуудыг ч тодорхойлсон байгаа гэв. Хархорум хотын бүтээн байгуулалт хөгжлийг дэмжих чиглэлээр Засгийн газрын санаачилгын үр дүнд Турк Улс түүх, археологийн олдворыг сэргээх төсөл дээр хамтрах, Арабын улсууд Хархорум хотын эрчим хүч, инженерийн дэд бүтцийн чиглэлээр хамтран ажиллах, Австрали Улс цэвэр усны шугам, хоолой, ногоон байгууламж, сэргээгдэх эрчим хүчний төслийг хамтран хэрэгжүүлэх, Болгар Улс орон сууцын төслүүд дээр ажиллах, БНХАУ хотын ногоон байгууламж, сэргээгдэх эрчим хүчний төслийг хамтарч хэрэгжүүлэх, ОХУ барилгын материалын үйлдвэрлэл, дэд бүтцийн төсөл дээр, БНСУ Хархорум хотын түүх археологийн олдворыг олон нийтэд таниулах дээр хамтарч ажиллах саналуудаа илэрхийлээд байгаа талаар Н.Учрал сайд мэдээлэл өгөв. Олон улсын хөрөнгө оруулалт татах том төсөл учраас хууль гаргах нь чухал байгааг тайлбарлаад, Ерөнхийлөгчийн институц, гүйцэтгэх засаглал хөрөнгө оруулалтыг татах ажлуудыг хийнэ гэлээ. Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн Г.Хосбаяр, П.Ганзориг, Д.Жаргалсайхан, Г.Лувсанжамц, Ц.Сандаг-Очир нар асуулт асууж, Сангийн сайд, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, ажлын хэсгийн гишүүдээс хариулт авсны дараа А.Ундраа, С.Эрдэнэболд нарын гишүүд үг хэлсэн. Орхоны хөндий нь эртний Их Монгол Улсын нийслэл төдийгүй түүнээс өмнөх олон мянган жилийн туршид хэд хэдэн эзэнт гүрний нийслэл байрлаж асан түүхт газар нутаг гэдэг утгаараа шинэ нийслэлээ төвхнүүлэх нь Монгол Улсын хувьд стратегийн чухал ач холбогдолтой, улсын хөгжлийн нэгэн түлхүүр гэж үзэж буйгаа А.Ундраа гишүүн илэрхийлээд хэлэлцүүлгийн явцад хууль хоорондын нийцлийг хангах чиглэлээр чамбай ажиллах шаардлагатай гээд, төслийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Энэхүү төсөл нь монголчуудын үндэсний эв нэгдэл, оюун санааны дархлааг хатамжлан баталгаажуулах үйл хэрэг хэмээн С.Эрдэнэболд гишүүн онцлон тодотгоод төслийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд бие даасан зохицуулалт бүхий эрх зүйн гаргалгаатай хуулийн төслийг боловсруулж, өргөн мэдүүлэх, ард түмний дунд санал асуулгыг явуулж угсаатны зүй, гүн ухаан, монголчуудын өвөрмөц онцлог, түүх соёл, өнөөгийн технологи гээд олон талыг нэгэн зэрэг агуулсан мэдлэгийн иж бүрдлээр энэ хотыг стратегийг тодорхойлох, 2030 оноос цааших хүн төрөлхтний өмнө тулгарах асуудлуудад шинэ хот бэлтгэлтэй байх буюу дасан зохицох чадвартай, ногоон, сэргээгдэх эрчим хүчинд суурилсан байх ёстой гэдэг саналуудыг илэрхийлсэн.

Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, шинэ Хархорум хотыг байгуулах ажил ийнхүү хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг шийдвэрлэснээр гараагаа эхлүүлж буйг тэмдэглээд Улсын Их Хурлын зүгээс онцгой анхаарал хандуулан, өргөн бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийг байгуулж, эрчимтэй ажиллах нөхцөлөөр хангана гэлээ. Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэх талаарх санал хураалтыг түр хойшлуулж, “Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хооронд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээрийг байгуулахад баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар Эдийн засгийн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Р.Батболд танилцуулав. Байнгын хороо 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаараа тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж, чуулганы нэгдсэн хуралдаанаар төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед хуралдаан даргалагчаас санал хураалгахгүйгээр гүйцээн боловсруулах чиглэл өгч Байнгын хороонд шилжүүлсэн зарчмын зөрүүтэй 7 саналын томьёоллыг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1-д заасныг баримтлан санал хураалт явуулсан байна. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх зарчмын зөрүүтэй 3 саналын томьёоллыг дэмжжээ. Иймд чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр санал хурааж, олонхын дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусган, төслийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дарааллыг жигдлэх, хууль зүйн техникийн засваруудыг хийж, тогтоолын төслийн эцсийн хувилбар болон зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг бэлтгэсэн байна.

Эдийн засгийн байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан намын бүлэг болон бүлэгт харьяалагдаагүй гишүүдээс урьдчилан ирүүлсэн нэрсийн дагуу Улсын Их Хурлын гишүүн Д.Жаргалсайхан, Д.Энхтүвшин, Д.Ганбат нар асуулт асууж, Б.Дэлгэрсайхан, Ц.Туваан сайд нараас хариулт авсны дараа Эдийн засгийн байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй 3 саналын томьёоллоор нэг бүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлэлээ. Дараа нь Байнгын хорооны саналаар “Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хооронд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээрийг байгуулахад баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлах санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 65.4 хувь нь дэмжиж, Улсын Их Хурлын тогтоол батлагдлаа.

Үргэлжлүүлэн Төрийн байгуулалтын байнгын хорооны саналаар Хархорум хотын бүтээн байгуулалт хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоолын төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих эсэх талаар санал хураалт явуулав.  Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 69.2 хувь нь төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харьяалах Байнгын хороонд шилжүүлэв. Мөн үдээс өмнөх хуралдаанаар хэлэлцсэн Европын сэргээн босголт, хөгжлийн банк үүсгэн байгуулах тухай хэлэлцээрт оруулсан нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрч, соёрхон батлах тухай хуулийн төслийг батлах санал хураалт явуулахад Улсын Их Хурлын 80 гишүүн дэмжсэн юм.

Таны сурталчилгаа