Монгол Улсын Шүүхийн тухай хуульд Ерөнхий зөвлөлийн даргыг гишүүд дотроосоо нэг жилийн хугацаагаар олонхын саналаар нууц санал хураалтаар зөвхөн нэг удаа сонгохоор заасан. Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Л.Энхбилэгийн даргалж ажиллах хуульд заасан хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан Шүүхийн ерөнхий зөвлөл (2024.12.26) хуралдаж, шинэ даргаа сонголоо.
Ерөнхий зөвлөлийн нийт гишүүдийн олонхын саналаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргаар Нямсүрэнгийн Мөнгөнцэцэг сонгогдов. Шүүхийн ерөнхий зөвлөлийн тамгыг гишүүн Л.Энхбилэг хүлээлгэн өгч, амжилт хүсэв.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Мөнгөнцэцэг өмнөх 3 жилийн амжилт ололтоо бататган үргэлжлүүлж, хариуцлагатайгаар багаар хамтдаа хичээж ажиллацгаая гэдгээ илэрхийлэв.