Манай цагаар өнөө өглөө дэлхийн гоо бүсгүй шалгаруулах томоохон тэмцээнүүдийн нэг болох Miss Universe тэмцээний финал явагдаж, ялагчаар Өмнөд Африкийн мисс шалгарчээ. Өмнөд Африкийн бүгд найрамдах улсын оролцогч Зозибини Тунзи нь усны хувцастай алхаа болон үдшийн даашинзтай гараа, нийгмийн тулгамдаад буй асуудлуудад маш чамбай хариулт өгсөн зэргээрээ ялгарч, ялагч болсон байна.
Энэ жил 26 настай Тунзи нь “Таныг яагаад түрүүлүүлэх нь зөв сонголт вэ” гэсэн асуултанд хариулахдаа “Миний өсч торнисон ертөнцөд арьсны минь өнгө, үсний маань төрлөөс шалтгаалан гоо үзэсгэлэнтэйд тооцогддоггүй байсаар ирсэн. Өнөөдөр түүнийг зогсоох цаг нь болсон гэж бодож байна. Хүүхдүүд намайг, нүүрийг минь харангаа өөрсдийнхөө дүр төрх, тусгалыг олж харж чаддаг байвал хичнээн сайхан” гэж хариулснаар шүүгч нарт өндөр сэтгэгдөл төрүүлжээ.
Miss Universe тэмцээний 2 дугаар байранд Мексикийн мисс, 3 дугаар байранд Пуэрто-Рикогийн мисс шалгарсан байна. Энэ жилийн тэмцээн нь АНУ-ын Жеоржия муж улсын Атланта хотод зохион байгуулагдаж, дэлхийн 90 гоо бүсгүй өрсөлдсөн бөгөөд манай улсаас үндэсний оролцогч Гүнзаяа оролцлоо.
Ийнхүү Miss Universe тэмцээний финал Америкийн цагаар өнгөрсөн ням гарагийн үдэш явагдсан бол, энэ долоо хоногийн Бямба гарагт Их Британи улсаас угшилтай “Дэлхийн Мисс” буюу Miss World тэмцээний 69 дэх удаагийн шалгаруулалт Лондон хотоос шууд дамжуулагдан хүрнэ. Монгол дахь албан ёсны эрхийг хадгалдаг MNC телевиз шууд дамжуулан үзүүлэх юм. Монгол улсыг төлөөлөн оролцох Мандахын Цэвэлмаа нь энэ жил 22 настай, эмч мэргэжилтэй нэгэн билээ.
Д.Жаргалсайхан