Цаг үеийн мэдээ

Улсын онцгой комиссын өнөөдрийн хуралдааны шийдвэр: 

1.  0-5 насны гурваас дээш хүүхэдтэй ээжид цалинтай чөлөө олгохоор шийдвэрлэлээ. Тухайн ээж өөрөө хүсвэл гэрээсээ онлайнаар ажиллаж болно. Энэ шийдвэр гуравдугаар сарын 30-ныг хүртэл мөрдөгдөнө.

2. УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар:  "Импортоор орж ирж  байгаа шатахууны ханган нийлүүлэлт хэвийн байгааг онцоллоо.

3. Дэлхий дахинаа газрын тосны үнэ буурах хандлагатай байна. Энэ талаар АМГТГ-аас албан ёсоор мэдээлэл хүргэнэ.

4. Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан : Улаанбаатар хот, аймаг сумаас гарах болон орох, хот хоорондын зорчигч тээвэр, орон нутгийн хуваарьт нислэг, галт тэрэг, хувийн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнийг 2020 оны гуравдугаар сарын 10-ны 07:00 цагаас гуравдугаар сарын 16-ны 07:00 цаг хүртэл зогсоох шийдвэр гарсан.

Улсын Онцгой комиссоос агаарын тээврийг зогсоосон улс орнуудаас нэн шаардлагатай иргэдээ авчрах шийдвэрийг гаргаснаа танилцууллаа.

Хамгийн түрүүнд өндөр настан, нялх хүүхэдтэй хүмүүс, эмчилгээнд явсан, жирэмсэн эмэгтэйчүүдийг эх оронд нь авчрахаар болсон бөгөөд нислэгийг МИАТ хийнэ гэдгийг Зам тээврийн сайд Б.Энх-Амгалан мэдээллээ.  

БНСУ, Японы нислэгийг зогсоосон хугацааг энэ сарын 28-ныг хүртэл сунгасантай холбоотогоор одоогийн байдлаар 120 гаруй иргэн эх орондоо яаралтай ирэх шаардлагатай байна хэмээн өргөдөл гаргаад буй талаар өчигдөр ГХЯ-наас мэдээлсэн.

Өргөдөл бүрийг Улсын Онцгой комисст танилцуулах бөгөөд нэмж нислэг зогсоосон Москва, Турк улсуудаас дээрх нэн шаардлагатай иргэдийг ч мөн эх оронд нь авчрах ажлыг зохион байгуулах аж.

5. Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээг энэ сарын 16-ны өдрийг хүртэл тодорхой чиглэлд явуулах шийдвэрийг гаргалаа.

6. Авто замын боомтоор ОХУ-д зорчих Монгол Улсын иргэн, ОХУ-аас Монгол Улсад зорчих гадаадын иргэн, харьяалалгүй хүний хөдөлгөөнийг гуравдугаар сарын 29-ний өдрийг хүртэл түр зогсоох шийдвэр гаргасан. Дээрх хугацаанд ОХУ-аас эх орондоо ирэх хүсэлт гаргасан монгол иргэд болон Монголоос ОХУ-аар дамжин гарах хүсэлтэй гадны иргэдийг тусгай журмаар улсын хилээр нэвтрүүлнэ. Улаанбаатар - Эрхүү-Улаанбаатар, Улаанбаатар-Москва-Улаанбаатар чиглэлд аялах галт тэрэг болон орон нутгийн бүх чиглэлийн галт тэрэгний хөдөлгөөнийг гуравдугаар сарын 28-ны өдрийг хүртэл түр зогсоолоо. Ингэснээр 10-нд Улаанбаатараас хөдлөх Улаанбаатар-Эрхүү чиглэлийн 303-р галт тэргийг буцааж гаргахаар шийдвэрлэлээ.  Харин ачаа тээвэр хэвийн явагдах юм байна.

 

Таны сурталчилгаа