Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр болон албаныхан нийтийн эзэмшлийн гудамж талбай, аж ахуйн нэгж байгууллагын орчны халдваргүйжүүлэлтийн ажлын явцыг өчигдөр шалгалаа.
Хотын удирдлагууд нийслэлийн хэмжээнд ариутгал халдваргүйжүүлэлт хийх тусгай зөвшөөрөлтэй гэрээт компаниудын төлөөлөлтэй уулзан халдваргүйжүүлэлтийн ажилд тулгамдаж буй асуудлын талаар санал солилцоод ариутгалын бодисын нөөц, техник төхөрөөмжийн бэлэн байдлыг үзэж шалгав.
Монгол Улсад коронавирусний тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан хотын Захирагч ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг эрчимжүүлж, хүнсний зах худалдааны төвөөс бусад бүх төрлийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг энэ сарын 16-нийг хүртэл түр зогсоох захирамж гаргасан.
Захирамжийн хүрээнд тусгай зөвшөөрөл бүхий гэрээт 37 компанийн ажилчид ариутгал халдваргүйжүүлэлтийг гүйцэтгэж байна. Өнөөдрийн байдлаар худалдаа үйлчилгээ, хоол үйлдвэрлэл, ахуйн үйлчилгээний болон эрсдэл бүхий цэг салбарын нийт 18758 цэгт ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн.
Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр: "Цаг агаар +5 хэм хүрч дулаарч эхэлмэгц агаар чийгшүүлэгч машинаар халдваргүйжүүлнэ. Мөн нийслэлийн 380 гаруй км хатуу хучилттай зам, нийт 9,2 сая метр квадрат нийтийн эзэмшлийн талбайг ариутгаж халдваргүйжүүлэхээр төлөвлөсөн" гэлээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд хотын Захирагч С.Амарсайхан нийтийн эзэмшлийн гудамж талбайг ариутгаж халдваргүйжүүлэх ажлыг хийхэд ногоон байгууламжид сөргөөр нөлөөлөхгүй байхад анхаарч ажиллахыг сануулаад, БНХАУ, АНУ ашигладаг орчин үеийн техникийн дэвшилтэт технологийн ариутгал халдваргүйжүүлэлтийн төхөөрөмжийг судалж яаралтай танилцуулахыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөрт даалгалаа. Түүнчлэн ариутгалын ажлыг хийж байгаа ажилчдын аюулгүй байдлыг сайтар хангаж, халдваргүйжүүлэлтийн төхөөрөмжийн тоог нэмэх үүргийг албаныханд өгөв.
Нөхцөл байдал хүндэрч болзошгүй энэ үед ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг эрчимжүүлэхэд нэмэлтээр дүүргийн тохижилтын компаниудын автомашинуудыг ашиглаж бүх нөөц бололцоогоо дайчлан ажиллана гэдгийг нийслэлийн Хот тохижилтын газрын дарга Б.Бямбадорж хэллээ.