Цаг үеийн мэдээ

Ухань хотод шинэ коронавирусийн халдвар авч, хүндээр өвчилсэн хүмүүсийг эмчилж байгаа Хятадын эмч нар өндөр даралттай өвчтөнүүдийн дунд нас барах эрсдэл илүү байгааг ажиглажээ. Ямар нэг шалтгаанаар нийтлээгүй байгаа судалгааны материалаас үзэхэд өндөр даралттай хүмүүс халдвар авсан тохиолдолд түргэн хүндэрч, нас барах тохиолдол олонтаа гарсан байна.

Уханьд нэгдүгээр сард халдвараар нас барсан хүмүүсийн тал орчим нь өндөр даралттай байжээ.

Бээжингийн анагаах ухааны коллежийн эрчимт эмчилгээний факультетын захирал Ду Бин Уханиас Bloomberg-т утсаар өгсөн ярилцагадаа “Энэ бол маш өндөр хувь хэмжээ” гэсэн юм. Тэрээр бусад эмч нарын хамтаар хоёр сарын өмнө энд туслахаар ирж ажилласан байна. Ноён Ду “Бусад эмч нарын яриа болон миний үзсэн тоо баримтаас харахад өндөр даралт маш аюултай хүчин зүйл болж байна. Энэ талаар судалгаа нийтлэгдээгүй боловч өндөр даралт өвчин хүндэрч, үхэлд хүргэх гол хүчин зүйл гэдгийг бид харж байна” хэмээн өгүүлэв.

Дэлхийн 100 гаруй улсад тархаж, 3700 хүний амийг аваад буй коронавирусийн халдвар намжих төлөв ажиглагдаж буй ч халдвар авагсдын зургаан хувь нь маш хүндэрч, цаашдаа муудаж болзошгүй байна. Доктор Ду цааш нь “Бид өндөр даралттай болон настай хүмүүст голлон анхаарч байна. Тэд эмзэг бүлэгт багтана” хэмээн тайлбарлав. Тэрээр хүндэрч буй өвчтөний амьсгалын замыг нээх яаралтай арга хэмжээ авч, хоолойд гуурс тавих мэс ажилбар хийхийн чухлыг зөвлөжээ. Гуурс тавьсан өвчтөнүүдийн хагас нь нас барсан ч эртхэн тавьсан хүмүүс эдгэрч байгааг эмч нар мэдээлжээ. 

Таны сурталчилгаа