Коронавирусын халдвар гарсанаас хойш олон улсын тэмцээн уралдаан, хурал цуглаан, олныг хамарсан арга хэмжээнүүд зохион байгуулагдах эсэх нь эргэлзээтэй болоод байгаа. Дэлхий даяар 126,672 хүн өвчилсөн энэ аюулт халдварын үед олон нийтийг цуглуулсан арга хэмжээ зохион байгуулах нь өндөр эрсдэлтэй юм. Энэ ч үүднээс зуны Олимпийн 32 дахь удаагийн наадам Японы нийслэл Токио хотод зохион байгуулагдахаар товлогдсон ч өнөөдөр хойшилж магадгүй болсон тухай мэдээллүүд гарлаа. Мөн NBA буюу Хойд Америкийн Үндэсний сагсан бөмбөгийн хoлбоо яаралтай мэдэгдэл хийж, энэ улирлын тоглолтуудыг тодорхойгүй хугацаагаар зогсоосон юм. Лигийн зүгээс тоглогчид болон үзэгчид, фенүүд, лигийг хамгаалах үүднээс ийм арга хэмжээ авч байгаа хэмээн тайлбарласан.
Тэгвэл Америкийн патентаар, Хятадын “Core Technology” компани үйлдвэрлэж, ердөө 7 хоногийн өмнөөс эмнэлгүүдэд нийлүүлж эхэлсэн 15 минутанд халдварыг тодорхойлох түргэн оношлуурыг хэрэглэж эхэлсэнээр халдварыг тархахаас өмнө дарж чадна гэж мэргэжилтнүүд үзэж байна. Ямартай ч энэхүү түргэн оношлуур Монгол улсад орж ирсэн бөгөөд халдварын шинж тэмдэг илэрсэн иргэдэд хэрэглэж эхэлжээ. Өнөөдөр Монголын эмнэлгийн инженерчлэлийн нийгэмлэгийн гишүүд, эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер, техникчид Коронавируст халдвар буюу COVID-19–ийг эрт илрүүлэх таван сая төгрөгийн өртөг бүхий түргэвчилсэн 275 ширхэг оношлуурыг Эрүүл мэндийн яаманд хандивлажээ.
Мөн Элэгний мэс засалч, гавъяат эмч Ж.Чинбүрэн коронавирусийн шинэ түргэн оношлуурыг бие дээрээ туршсанаа өөрийн фэйсбүүкээр зарласан. Халдвартай эсэх хариуг 10-15 хан минутад мэдэж болох шинэ оношлуурыг туршсан нь сайн мэдээ болж байна.