Цаг үеийн мэдээ

Нью-Йоркийн хөрөнгийн биржийн гол индексүүд пүрэв гарагийн арилжаа хаагдах мөчид 9 гаруй хувиар огцом уналаа. Энэ нь 1987 оноос хойших хамгийн том уналт бөгөөд коронавирусийн тархалттай холбоотой болгоомжлол нөлөөлжээ.

Нью-Йоркийн хөрөнгийн биржийн цахим хуудсанд гарсан мэдээллээс үзвэл, Америкийн аж үйлдвэрийн “Dow Jones” индекс 2352.60 нэгж буюу 9.99 хувиар буурч, 21 200.62 пункт болсон байна. Энэ нь хар даваа гарагт гэж нэрлэдэг 1987 оны 10 дугаар сарын 19-ны өдрөөс хойших арилжаа дуусах мөчид болсон хамгийн том уналт юм. Энэ өдөр “Dow Jones” индекс 22.6 хувиар буурч байжээ.

АНУ-ын зах зээл дэх хамгийн том 500 компанийн хувьцааны ханшийг харуулдаг “S&P 500” индекс 260.74 нэгж буюу 9.51 хувиар унаж, 2480.64 нэгж болсон байна. Энэ индексийн хувьд энэ нь мөн 1987 оны 10 дугаар сарын 19-нөөс хойших хамгийн муу үзүүлэлт бөгөөд тухайн үед 18 гаруй хувиар унаж байжээ. “Nasdaq цахим” биржийн индекс 750.25 нэгж буюу 9.43 хувиар буурч, 7201.80 нэгжид хүрсэн байна.

Аялал жуулчлал, агаарын тээврийн болон хөлөг онгоцны аялал зохион байгуулдаг компаниудын хувьцааны ханш хамгийн их унасан байна. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп коронавирусний халдвар тархсантай холбогдуулан Их Британиас бусад Европын орнуудаас ирсэн гадаадын иргэдийн тус улсад нэвтрэхийг хориглосон тухайгаа лхагва гарагт мэдэгдсэн билээ.

Таны сурталчилгаа