Цаг үеийн мэдээ

Энэ хэзээний зураг вэ гэж гайхаж байна уу? Тэгвэл Ковид-19 цар тахлын голомт гэгдэж байсан Хятадын Ухань хот ердийн амьдралдаа эргэн очиж, зугаа цэнгэлийн усан парк хүний хөлд дарагдаад байгаа нь энэ юм. Амны хаалтгүй уг усан фестивальд олон мянган хүн хамрагдсан бөгөөд Ухань хотын кино театрууд нээгдэж, дуу хөгжмийн томоохон эвентүүд, фестивалиуд зохиогдож байгаа нь тэд халдварт өвчнийг ялж чадсанаа тунхаглаж буй хэрэг бизээ.
Дэлхийн бусад улс орнуудад Коронавирусын улмаас хязгаарлалт тогтоож, амьдралын хэв маяг, бизнесийн үйл ажиллагаа бүрмөсөн өөрчлөгдөөд буй үед Ухань хот бүх зүйлээ эргэн сэргээж байна. Сүүлийн 2 сар гаруйн хугацаанд тус хотод COVID-19 цар тахлын халдварын тохиолдол бүртгэгдээгүй учраас амьдрал хэвийн байдалдаа аажимдаа эргэн оржээ. Эргэн сануулахад ковидын 0 тэг цэг буюу голомт гэгдэж байсан Ухань хотын эрх баригчид шинээр халдварын тохиолдол илрэхээ больж, буурсантай холбогдуулан 4 сарын 8-ны өдөр албан ёсоор хөл хориог бүрэн зогсоосон юм. Хөл хорио дуусангуут олон сар хүлээгдэж байсан хуримууд ээлж дараалан хийгдэж, хүмүүс олон нийтийн арга хэмжээ, соёл урлагаар маш их ангаж цангасан нь анзаарагдаж байжээ. Хүн төрөлхтөн гэдэг хэзээд ч урлаг соёл, нийгмийн арга хэмжээтэй уялдан хөгжиж, амьдрах жамтай билээ.
Орчуулсан : Д. Жаргалсайхан
 

Таны сурталчилгаа