Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан тэргүүтэй албаныхан Хан-Уул дүүрэгт ажиллалаа. Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд дулааны шугам сүлжээ нэвтрэх, сувагт оруулах ажил хийгдэж байна. Нийт 480 метр газарт хонгилын системээр цэвэр усны 219 диаметртэй хос шугам, 325м дулааны хос шугам тавигдаж байгаа юм. Ингэснээр Хан-Уул дүүргийн Зайсан орчим цэвэр усны төвийн системд холбогдож байна. Тус ажлыг энэ сарын 06-ны өдрийг бүрэн хийж дуусгах талаар “Бумбод” компанийн гүйцэтгэх захирал Ц.Отгонбаатар мэдэгдлээ.
Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан “Хичээлийн шинэ жил эхэлж, авто замын түгжрэл ихтэй энэ үед шугам сүлжээний засвар, шинэчлэлийн ажлыг хийдгээ болих хэрэгтэй. Аль болох иргэдийн амарч зугаалж байгаа цаг хугацааг ашиглаж, засвар хийх хэрэгтэй. Ажлын уялдаа холбоогоо сайжруулж мэдээллээ нэгтгэж ажилла. Хэдийгээр цэвэр усны төвийн системд холбож байгаа нь сайшаалтай боловч, сургууль цэцэрлэг орсон үед зам хааж, шугам сүлжээ засварлах нь иргэдийг бухимдуулж байна. Хоёр ээлжээр ажиллаж, чанарын өндөр түвшинд ажлыг яаралтай гүйцэтгэ” хэмээлээ.
Мөн улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийгдэж байгаа автозамын бүтээн байгуулалтад төлөвлөлт, хяналтын чиглэлээр хамтарч ажиллах саналыг бодлогын яамдуудад хүргэнэ. Ингэснээр автозамын чанар үзүүлэлт сайжирч, хяналт бий болно гэдгийг онцолж хэллээ. Уг ажлыг улсын төсвийн хөрөнгөөр “Бумбод” ХХК гүйцэтгэж байгаа юм.