Цаг үеийн мэдээ

Энэ удаагийн ярилцлагын буландаа бид клиник сэтгэл зүйч Т.Хонгорзулыг урилаа. Тэрээр бие махбоди эрүүл саруул байлгахаас гадна сэтгэл зүйгээ эрүүл байлгах нь чухал гэдгийг онцолж байна. 

-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Бидний урилгыг хүлээн авсанд баярлалаа. Юуны өмнө хүн сэтгэл зүйгээ хэрхэн удирдаж сурах вэ гэдэг талаар мэргэжлийн хүний үүднээс зөвлөгөө өгч болох уу?

- Та бүхэнд мөн энэ өдрийн мэндийг хүргэе, урьж ярилцаж байгаад баярлалаа. Юуны түрүүнд хүн сэтгэл санааны хувьд тайван тогтвортой байж байж өөрийгөө удирдан жолоодож чаддаг. Сэтгэл санаагаар унасан, тайван бус аливаад санаа зовж түгшсэн юм уу сэтгэл гутралтай үед өөрийнхөө сэтгэл зүйг удирдан жолоодоход саад учирдаг. Тиймээс сэтгэл санаагаа тайван тогтвортой байлгаж чадвал аливаад бодлоготой хандаж үг үйлдлээ хянаж эрүүл зөвөөр зохицуулж өдөр тутмын үйл ажиллагаанд хэвийн идэвхитэй оролцож чаддаг.

- Хүний сэтгэлзүй өдөр бүр өөр өөр байдаг. Энэ нь мэдээж тухайн өдөр болсон үйл явдлаас шалтгаалдаг байх. Гэвч үргэлж өөдрөг, эрч хүчээр дүүрэн явдаг хүний сэтгэлзүй яаж тийм байдаг вэ?

-Тухайн өдөр тохиолдож байгаа үйл явдлаас шалтгаалан хүний сэтгэл зүй дагаад хэлбэлздэг ба энэ нь хэвийн юм. Мэдээж хэцүү хүнд өдөр тохиолдвол сэтгэл дагаад хямрана, сайхан өдөр тохиолдвол сэтгэл дагаад өөдрөг эрч хүч дүүрэн байна гэх мэтчилэн. Өдөр бүр өөрийнхөө сэтгэлийг чагнаж эргэцүүлэх цагийг өдөр бүрийн төгсгөлд гарган сэтгэл санаа хямарсан, гунигтай мэдрэмж төрсөн бол үүнийг өөртөө байгаагаар нь хүлээн зөвшөөрөх, ойр дотны хэн нэгэнтэйгээ хуваалцах нь тайвширч баяртай өөдрөг мэдрэмжийг авахад тусалдаг. Хэрвээ сэтгэл санаа хямралтай удаан хугацаанд явах юм бол энэ нь тэр хүний эрч хүчийг бага багаар шавхаж байнга санаа зовних, гутрахад хүргэдэг.

- Ирээдүйдээ үргэлж санаа зовж өнөөдөр байгаадаа сэтгэл ханахгүй байна гэж хүмүүс их ярьдаг. Энэ сэтгэлзүй гэмтэж өвчилсөнтэй холбоотой юу?

-Хүний сэтгэл санаа тайван бус тогтворгүй байгаагаас болоод аливаад санаа зовниж түгшдэг гэж дээр хэлсэн. Тиймээс байнга л нэг муу юм болох гээд байгаа юм шиг мэдрэмж төрж үүнээс өөрийгөө хамгаалж эхэлдэг. Тухайлбал: цар тахал тусчих вий гэсэн санаа зовнил айдсаасаа болоод өөрийгөө нийгмээс бүрэн тусгаарлах, сайн дүн авч сурахгүй л бол ирээдүйд хог дээр гарна хэмээн зөвхөн сурах, мөнгө хураахгүй л бол амьдрал сүйрнэ гэсэн айдсаас болоод борви бохисхийлгүй ажиллах гэх мэтчилэн. Хэдийгээр айдас санаа зовнил нь хүнийг аливаа зүйлийг хийхэд сэдэлжүүлж мотивац өгдөг ч гэсэн хэр хэмжээнээсээ хэтрээд ирэхлээр энэ нь эмгэг болох боломжтой байдаг. Байнгын санаа зовнилтой явах нь бие сэтгэлийг өвчлүүлээд зогсохгүй тухайн хүний бодож сэтгэх, шийдвэр гаргах, анхаарал төвлөрөлт, гүйцэтгэл, харилцаа гээд бүхий л хэсэгт нөлөө үзүүлдэг.

-Хэрхэн санаа зовохоо больж, тайван аз жаргалтай амьдрах вэ?

-Юуны түрүүнд юунд санаа зовж байгаагаа анзаарч мэдэх нь чухал юм. Өдөр бүр санаа зовоосон сэтгэл мэдрэмжээ илэрхийлэн тайвширч байвал сэтгэл санаа тайван тогтуун байна гэж дээр хэлсэн.Харин энэ мэдрэмж удаан хугацаанд хуримтлагдах юм бол сэтгэл түгшүүр болон гутралд орох эрсдэлд оруулдаг. Өөрт төрж байгаа мэдрэмжийг байгаагаар нь хүлээн авч илэрхийлэх нь тайвшрахад тусалдаг.

-Сэтгэлзүйгээ эрүүл байлгахын тулд ямар бодол, зуршлыг бий болгох вэ?

-Хүний сэтгэл зүйн хэрэгцээ харилцаанд л хангагддаг. Хүнийг сэтгэлээр унагадаг болон босгодог гол зүйл нь эрүүл харилцаа байдаг. Тиймээс таны эргэн тойронд таныг шүүмжилсэн, буруутгасан, дорд оруулсан, зандарсан тушаасан харилцаатай хүмүүс байгаа бол өөрт төрж байгаа мэдрэмжийг дотроо хадгалах юм уу залгиад өнгөрүүлэх юм бол таныг сэтгэлээр унах, шаналахад хүргэдэг тул үүнийг итгэл хүлээсэн хэн нэгэнд хуваалцах юм уу шаардлагатай бол мэргэжлийн сэтгэл зүйчид хандаарай. Сэтгэл зүйн эрүүл мэнд тархины эрүүл мэндтэй салшгүй холбоотой байдаг. Уураг тархиа эрүүл байлгая гэвэл дасгал хөдөлгөөн, эрүүл хоол хүнс хэрэглэх ба сайн унтаж амрах хэрэгтэй. Өглөө эрт босч болно гэхдээ доод тал нь 7 цаг заавал унтаж амарч байх хэрэгтэй. Өдөрт заавал 15-20 минутыг дасгал хөдөлгөөнд зарцуулаарай. Хүн стресс ихтэй байх үед хэт их идэх юм уу чихэрлэг зүйлс болон коффейны төрлийн хүнсийг хэрэглэж эхэлдэг.

-Эхнэр болон нөхрийн харилцаанд гардаг нийтлэг алдаа, түүнийг хэрхэн засах талаар?

-Гэр бүлийн харилцаа нь хувь хүний харилцааны хэв маягаас шалтгаалдаг. Хосын аль нэг нь маш их стресстэй уур бухимдалтай байгаад үүнийг зохицуулж чадахгүй тохиолдолд гэр бүлийн харилцаа уур амьсгалд шууд нөлөөлдөг. Тиймээс сэтгэл зүйн хувьд тайван тогтвортой байж, өдөр тутмын стрессийг зохицуулж байвал гэр бүлийн харилцаанд эерэг нөлөөг авчирдаг. Түүнчлэн, хосууд нэг нэгнийхээ сэтгэл санааны байдлыг сонсож ойлгож байх нь чухал байдаг. Бусдын сэтгэлийг сонсож ойлгож чадвал тайвширч уур бухимдал арилдаг.

-Хүн ямар нөхцөлд мэргэжлийн сэтгэл зүйчид хандах шаардлагатай болдог вэ. Үүнийг хэрхэн тодорхойлж мэдэх вэ?

-Хүмүүс сэтгэл зүйч дээр очих хүртлээ тартаг дээрээ тулаагүй байна аа гээд сэтгэл зүйн асуудлаа хүндрүүлэх байдал ажиглагддаг. Хэрвээ танд байнгын санаа зовнил түгшүүртэй, сэтгэлээр унаж гутрах, нойргүйтэх, амьдралын баяр баясал байхгүй, амьдралаас ямар ч таашаал авахгүй утгагүй мэт санагдах, өөрийгөө үнэ цэнэгүй гэж мэдрэх, юм болгон дээр өөрийгөө буруутгах юу ч хийх хүсэлгүй болох гэх мэт шинж ажиглагдвал сэтгэл зүйч, сэтгэцийн эмчид хандах хэрэгтэй. Стрессээ тайлж өдөр тутмын үйл ажиллагаанд хэвийн орж чадахгүй байгаа тохиолдолд мөн хандахыг зөвлөе!

-Уншигчдад маань өгөх таны зөвөлгөө?

-Хүн аз жаргалтай өөдрөг эрч хүчтэй амьдрахын гол үндэс нь сэтгэл зүйн эрүүл мэнд байдаг тул сэтгэл зүйн эрүүл мэнддээ анхаарцгаая! Бид бүгдээрээ Цар Тахлаас болоод айдас түгшүүрт автаж хэзээ энэ нөхцөл байдлаас гарах нь мэдэгдэхгүй энэ үед өөрсдийнхөө сэтгэл зүйг эрүүл байлгаж хамтдаа даван туулцгаая! Тиймээс өдөр бүр дасгал хөдөлгөөн хийж, эрүүл хоол хүнс идэж, сайн унтаж амарч, нэг нэгэндээ урам дэм хайрлан, хайртай дотны хүмүүстэйгээ сайхан дурсамжийг үлдээцгээе!

- Бидэнтэй ярилцсанд баярлалаа. Танд ажлын амжилт хүсэе.

- Та бүхэнд ч гэсэн ажлын өндөр амжилт хүсэн ерөөе!

 

 

Таны сурталчилгаа