Цаг үеийн мэдээ

   ШӨХТГ-ын улсын байцаагчид  талхны үнэд судалгаа хийж,  дүнгээ нэгтгэлээ. Судалганаас үзвэл “Талх чихэр” ХК-ийн зүссэн талхны үнэ 100-200 төгрөгөөр, “Алтан тариа” компанийн  гурил 30-330 төгрөгөөр нэмэгджээ. Гурилын үйлдвэрүүдэд хийж байгаа шалгалт үргэлжилж байна. 

“Талх чихэр” ХК-ийн төлөөлөл талхны үнэ нэмэгдсэн шалтгаанаа тайлбарлахдаа дэлхийн жишигт нийцсэн олон улсын стандарт нэвтрүүлж байгаатай холболоо. Мөн валютын ханшийн өсөлт, тоног төхөөрөмжийн шинэчлэл зэргээс шалтгаалж бүтээгдэхүүний үнээ 9 дүгээр сарын нэгний өдрөөс эхлэн нэмсэн гэв. Энэ нь гурил, талхны үнэ нэмэгдэх үндэслэл болохгүй гэж ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ ХХААХҮЯ болоод гурил, талх үйлдвэрлэгч компаниудын төлөөлөлтэй уулзах үеэрээ онцоллоо.   

Шалгалтын явцад үйлдвэрлэгчээс үндсэн үнээр нийлүүлж байгаа ч худалдан борлуулагч нар үнэ өсгөн худалдаалж байгаа асуудлууд ч гарлаа. Тиймээс тухайн ААН-үүдэд албан шаардлага хүргүүлж, Өрсөлдөөний тухай хууль, Гамшгаас хамгаалах тухай хуулийн холбогдох зүйлээр арга хэмжээ авч, шаардлага биелүүлээгүй тохиолдолд хуулийн этгээдийг 20 сая хүртэлх төгрөгөөр торгох хуулийн зохицуулалт үйлчилнэ.  Үндэслэлгүй үнэ нэмсэн “Алтан тариа”, “Талх чихэр” зэрэг компаниудад ШӨХТГ, ТЕГ, ГЕГ, МХЕГ, ОБЕГ-ын гамшгийн үеийн улсын хяналтын байцаагч нарын хамтарсан баг шалгалт хийхээр боллоо. 

Эх сурвалж : ШӨХТГ

 

Таны сурталчилгаа