Өнгөрөгч долоо хоногт "Walt Disney Studios"-ийн ээлжит уран бүтээл "MULAN" уран сайхны кино нээлтээ хийсэн. 2018 онд уг кинонд Монгол залуус урилгаар Шинэ Зеландад очиж эзэнт гүрний цэргүүд, хааны хамгаалагчийн дүрд тоглосон билээ. Нийт 54 залуус кинонд ажилласан бөгөөд 15 нь орлон тоглогч, 35 нь морь унаач, дөрөв нь орчуулагчаар ажиллажээ. Бид энэ удаагийн ярилцлагын буландаа "МULAN" киноны эзэн хааны дүрд алдарт жүжигчин Жет Ли-ийн орлон тоглогчоор ажилласан Алтансувдын Лхагвасүрэнтэй уншигч та бүхнийг уулзуулж байна.
- Сайн байна уу? Юуны түрүүнд урилгыг минь хүлээн авч ярилцах болсонд баярлалаа.
- "Zogii.mn" сайтын уншигчиддаа энэ өдрийн мэнд хүргэе. Юуны түрүүнд намайг харь улсад байхад ч холбогдож ярилцах боломж гаргасан танай хамт олонд баярлалаа.
- Домогт жүжигчин Жет Ли-ийн орлон тоглогч болж Холливудын Мулан кинонд амжилттай оролцсонд баяр хүргэе. Та манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?
- Намайг Алтансувдын Лхагвасүрэн гэдэг. 1987 онд Дорнод аймагт төрж өссөн. Киноны орлон тоглогч мэргэжилтэй. Эхнэр хүүхдийн хамт одоогоор БНСУ-д мэргэжлээрээ ажиллаж байна.
- Та багадаа ямар хүүхэд байв?
- Би багадаа сурлага тааруу, сахилгагүй хөдөлгөөнтэй хүүхэд байлаа. Бага байхаасаа л таеквондогоор хичээллэдэг байсан. Тухайн үедээ, том болоод мундаг зодолддог "ТУЛААНЫ МАСТЕР" болно гэж боддог байсан. "Жет Ли, Жеки Чан" гээд л тулааны мундаг мастеруудын тоглосон киног өдөржин үзээд л яг ийм л хүн болно доо гээд л боддог байлаа.
- "Mongol Stunt" багийнхан Монгол залуусын эр зориг, сүр хүч, ур чадварыг "Marco Polo" кинонд тоглохдоо харуулж байсан. Тэгвэл энэ удаад таны хувьд Мулан кинонд тоглох боломж хэрхэн олдсон бэ?
-Манай Mongol Stunt багийн залуус анх санал тавиад хамтарч ажиллахаар болсон юм. "Action Crew" болон "Тэнгэрийн чоно" хоёр баг маань нэгдээд Мулан төсөл рүү дайчдаа аваад явсан. Энэ хоёр багийн ахлагчид болох Наранбаатар, Болдбаатар ахдаа маш их баярлаж явдаг. Мөн энэ том төслийг бидэнтэй холбож өгсөн Золжаргалдаа баярлаж байгаагаа илэрхийлмээр байна.
- Хамгийн анх Жет Ли-ийн орлон тоглогчоор ажиллах саналаа хэрхэн авсан бэ? Мөн тэр үед ямар мэдрэмж төрж яаж хүлээж авав?
-Үнэхээр гайхалтай байсан. Жет Ли-ийн орлон тоглогч болно гэж огт бодоогүй. Тулааны домогт жүжигчдээ ойроос ч болтугай нэг харах юмсан гэсэн нууцхан бодол л байлаа... Очсон даруйдаа хоёр долоо хоног морьтой бэлтгэл хийгээд анхны зургандаа ороод байж байтал манай багийн гишүүн Золоо ирсэнээ нэг их энгийнээр " Жет Ли-ийн орлон тоглогчоор ажиллах уу?" гээд асуудаг юм даа... Тоглоод ч байгаа юм шиг, худлаа яриад байгаа ч юм шиг.... Хэрвээ ажиллана гэвэл хоёр долоо хоног сунаж ажиллана гэж хэлсэн. Би ч эхэндээ огтоосоо итгэхгүй шоконд орсон байдалтай байж байгаад гэрээнд гарын үсэг зурсаны дараа л 100 хувь итгэсэн. Энэ явдлыг маш том боломж аз гэж харсан ч дагаад маш том хариуцлага ирсэн. Би жижигхэн л алдаа гаргавал Монгол залуус, Монгол гэдэг нэр гарах учраас хамаг сайнаараа хичээж ажиллана, өөрийгөө харуулна даа гэж бодсон. Үнэхээр их баярласан бас чадахгүй бол яанаа гэж айж байсан. Гэхдээ зорьсоноо биелүүлж ямар ч алдаа мадаггүй амжилттай ажлаа гүйцэтгэж чадсан шүү.
- Шүтээн болсон жүжигчнээ ойроос харахад танд ямар санагдаж байв? Яг тэр үед мэдрэгдэж байсан мэдрэмжээсээ хуваалцахгүй юу...
- Жет Ли-тэй уулзаад гар бариад мэндлэхэд түүний гар их зөөлхөн санагдсан. Маш их сандарсан. Яг тэр үед " Ямар их хөгшрөө вэ" гэж бодогдсон. Кино төслөөс хатуу дүрэм журам гаргасан байсан. Яриа өдөх, удаан ширтэх, зургийг нь авах, жүжигчинд саад болох хориотой байсан. Хэрвээ энэ дүрмийг зөрчвөл шууд зургийн талбайгаас хөөгдөж кино багт үргэлжлүүлэн ажиллах боломжгүй болно.
Яг тэр уулзалтын дараа би өөртөө улам илүү итгэлтэй болсон, эргэлзэж байсан эргэлзээнүүд бүгд байхгүй болж, шийдэмгий болсон. Одоо Монгол өнгө аястай, Монгол ахуйгаа харуулсан тулаантай кино хийнэ гээд шийдчихсэн байгаа шүү.
- Зураг авалтын үеэр тохиолдсон хамгийн мартагдашгүй мөчүүдээсээ хуваалцаач...
Бид өглөө эрт 5 цаг гэж босоод 7 цагт автобусандаа суугаад зургийн талбай руугаа явдаг байсан. Зургийн талбай дээр очоод шууд нүүр будалтандаа орж гарч ирээд өглөөний цайгаа ууна. Цайгаа ууж дууссан бол морин талбай руу очоод мориныхоо нэрийг хэлэхээр эзэд нь морийг маань эмээллээд мордход бэлэн болгоод аваад ирдэг байсан. Тэнд бүх зүйл яг таг төлөвлөгөөнөөсөө нэг минутаар ч зөрөхгүй, хүн бүр өөрийн хийх ёстой ажлаа тултал нь хийж гүйцэтгэж байсан нь бидний хувьд гайхшрах бас суралцах ёстой юм байна гэдэг сэтгэгдлийг төрүүлж байсан.
Миний зүрх сэтгэлд хамгийн тод томруунаар үлдсэн зүйл бол эр зоригийн дайчид болсон Монгол ахан дүүс, анд нөхөдтэйгөө дэлхийн хэмжээний кинонд хамтдаа оролцож Монгол гэдэг нэрийг гаргасандаа баярлаж бахархаж насан туршид минь үлдэх нандин дурсамж болон үлдсэн. Бид зураг авалтаа дуусаад нүүр будгаа арилгаад, морио өгчихөөд зочид буудал руугаа явахдаа Монгол дуугаа дуулж хамтдаа хөгжилддөг байсан. Энэ бол үнэхээрийн сайхан дурсамж юм даа....
- Бидэнтэй цөөн хором ярилцсанд баярлалаа. Төгсгөлд нь та Мулан киног үзэхээр хүлээж буй үзэгчиддээ хандаж юу гэж хэлмээр байна?
Zogii.mn сайтын хамт олон та бүхэнд ярилцлагын буландаа урьж оролцуулсанд талархал илэрхийлэе. Харамсалтай нь цар тахлын улмааас киноны нээлтийн үеэр Монголдоо байж чадсангүй. Холливуд хэмээх ертөнц Монголчууд бидний хувьд ойртон ирсэний илэрхийлэл болж Монголын киноны орлон тоглогчид баг хамт олноороо тив алгасч, тэнгис гатлан алс холын Шинэ Зеланд улсад очиж Монгол хүний ур чадвар, ухаан бодол, эр зоригийг олон улсад хүлээн зөвшөөрүүлсэн онцгой үйл хэрэгт бие сэтгэлээ зориулан оролцоод ирсэн Мулан киног маань та бүхэн тухлан сууж таалан болгоогоорой.
Монгол улсынхаа нэрийг өндөрөөс өндөрт өргөж буй бүх эрхэм дайчиддаа энэ завшааныг ашиглан баяр хүргэж уран бүтээлийн шижигнэсэн амжилт хүсмээр байна.