Орон нутгийн 2020 оны ээлжит сонгуулийн санал авах өдөр аравдугаар сарын 15-нд болно. Нам эвслүүд ИТХ-д нэр дэвшүүлэх эрхмүүдийн нэрийг ээлж дараалан танилцуулсаар байна.
Даваа гарагт МАН-ын нийслэлийн асуудлыг ирэх дөрвөн жилд шийдвэрлүүлэхээр илгээж буй 45 нэр дэвшигчээ танилцуулсан. Ингэхдээ нэр дэвшигчдийн 33 хувь нь анх удаа сонгуульд нэр дэвшиж байгааг дурдсан юм.
Харин мягмар гарагт ХҮН 27 нэр дэвшигчээ танилцуулсан. Салбар бүрийн төлөөллийг хамруулсан эдгээр 27 нэр дэвшигч дунд УИХ-ын сонгуульд бүдэрсэн эрхмүүд нэлээд байв.
АН, МАХН, ШИНЭ нам гэсэн гурван улс төрийн хүчин энэ удаагийн сонгуульд хамтран ажиллах бичиг байгуулан, хамтран нэр дэвшигчдээ тодруулна гэж байв. Энэ дагуу өнөөдөр АН-аас хэвлэлийн хурал хийж нэр дэвшигчдээ танилцууллаа.
Энэ дотор экс ерөнхийлөгч Намбарын Энхбаярын хүү Э.Батшугар Сонгинохайрхан дүүрэгт, Цахиагийн Элбэгдоржийн хүү Э.Эрдэнэ Баянзүрх дүүрэгт нэр дэвшжээ.