Цаг үеийн мэдээ

Монгол Улс, ОХУ хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ой 2021 онд тохионо. Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг удирдан зохион байгуулах Ажлын хэсгийг Гадаад харилцааны сайдаар ахлуулан байгуулахаар болов.Ойн хүрээнд жилийн турш улс төр, худалдаа, эдийн засаг, соёл, хүмүүнлэг зэрэг олон салбарт хамтарсан арга хэмжээ зохиохоор төлөвлөжээ.

Тухайлбал харилцааны түүхийн тухай ном хэвлүүлэх, харилцан айлчлал хийх, “Монгол-Оросын санаачилга-2021”, “Найрамдлын галт тэрэг” цуврал арга хэмжээ, эрдэм шинжилгээний бага хурал, гэрэл зургийн үзэсгэлэн, баримтат кино бүтээх зэргийг дурдаж болно. 1921 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр “Монгол, Оросын хоорондох найрамдлын барилдлагааг байгуулах тухай Монголын Ардын Засгийн газар ба Зөвлөлтийн Засагт Орос Улсын Засгийн газрын хэлэлцэн тогтоосон гэрээ бичиг” байгуулснаар дипломат харилцаа тогтоосон гэж үздэг. 
 Монгол Улсад мал аж ахуй, газар тариалан, үйлдвэр, боловсрол, эрүүл мэнд, хотжилтыг хөгжүүлэх, дэлхийн II дайныг даван туулах, олон улсын тавцанд гарах, эдийн засгийн дэмжлэг үзүүлэхэд ЗСБНХУ чухал үүрэг гүйцэтгэсэн. Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр, “Монголсовцветмет” нэгдэл, “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг байгуулж, зам, тээвэр, эрчим хүч зэрэг салбарт томоохон бүтээн байгуулалт өрнүүлжээ. 

Таны сурталчилгаа