Цаг үеийн мэдээ

  “Эм Си Эс Кока Кола” ХХК нь өөрийн үйлдвэрлэдэг бүх төрлийн ундаа, ус болон импортоор оруулж ирдэг ундаа, жүүс зэргийг зах зээлд борлуулах нэг үнийн бодлого баримталж, “Номинтав трейд” ХХК, “Скай хайпермаркет” ХХК,  “Монидер” ХХК-уудын супермаркет, дэлгүүрээр ижил үнээр борлуулахаар харилцан тохиролцож гэрээ хийжээ. Тус гэрээг хийснээрээ “Номинтав трейд” ХХК,  “Скай хайпермаркет” ХХК, “Монидер” ХХК-иуд тус гэрээнд заасан үнээс хямд үнээр хэрэглэгчдэд борлуулах боломжгүй, хэрэв хямд үнээр хэрэглэгчдэд борлуулсан тохиолдолд “Эм Си Эс Кока Кола” ХХК-иас тухайн дэлгүүрт ус, ундаа жүүсний нийлүүлэлтийг хязгаарлах мэдэгдэл хүргүүлэх, хямдруулсан барааны үнийг буцаан нэмж гэрээний үнийг мөрдөж ажиллах шаардлагыг жижиглэн худалдаа эрхэлж байгаа дэлгүүрт хүргүүлж байсан нь Өрсөлдөөний тухай хуулийг зөрчиж байгаа тухай мэдээллийг хүргүүлсэн.

               Уг мэдээллийн дагуу хяналт, шалгалт хийхэд  Өрсөлдөөний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн  11.1.1-т  “бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоох” , Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.7 дугаар зүйлийн 1.1-т бараа бүтээгдэхүүний үнийг хэлэлцэн тогтоох” гэж заасныг тус тус зөрчсөн болох нь илэрсэн.

               Тиймээс уг хуулийг  үндэслэн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас  “Эм Си Эс Кока Кола” ХХК-д 1,2 тэрбум төгрөг, “Номин тав трейд” ХХК-д 67,8 сая, “Скай хайпер маркет” ХХК-д 11,6 сая, “Монидер” ХХК-д 11,9 сая төгрөгийн торгууль оногдуулсан байна. Тэгвэл уг торгуулийн мөнгө Улсын төсөвт орж эхэллээ.

Эх сурвалж : Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар

Таны сурталчилгаа