Цаг үеийн мэдээ

“Хөсөг Трейд” ХК-ийн байранд байрлах Авто тээврийн үндэсний төвийн төрийн үйлчилгээг “Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төв”-д шилжүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын Цахим хөгжлийн үндэсний хороо, Зам, тээврийн хөгжлийн яам, Автотээврийн үндэсний төвтэй хамтран энэхүү шийдвэрийг гаргасан бөгөөд Хөсөг трейд дээр байрлаж байсан АТҮТ-ийн үйлчилгээг Мишээл болон Дүнжингарав дахь нэг цэгийн үйлчилгээ уруу шилжүүлсэн болохыг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас мэдээллэв.

“Хөсөг Трейд” ХК нь өөрийн байранд байрлах Автотээврийн үндэсний төвийн болон төрийн бусад цахим үйлчилгээ, даатгалын үйлчилгээ үзүүлэгч аж ахуй эрхлэгчид, иргэдэд хүндрэл учруулж байгаа тухай ШӨХТГ-т гомдол иржээ.

Энэ дагуу шалгахад төрийн үйлчилгээг цахимжуулах бодлогын эсрэг чиглэсэн үйл ажиллагаа явуулж байгаа нь тогтоогдсон бөгөөд ААН-ийг хясан боогдуулах, зөвхөн өөрийн өнгө үзэмжээр хандаж өдөр тутмын үйл ажиллагаанд нь саад учруулдаг байсан байна.

Авто тээврийн үндэсний төв санаачлан энэ зөрчилд шуурхай хамтран ажилласнаар автотээврийн хэрэгсэлтэй холбоотой төрийн үйлчилгээг цахимаар түргэн шуурхай, цаг алдалгүй авах боломж бүрдэж байна гэж ШӨХТГ-аас мэдээлэв.

Таны сурталчилгаа