Сонгинохайрхан дүүргийн 39-р хороо овоотын 72-р гудамжинд тог цахилгаангүй 40 гаруй айл өрхийн асуудал, амьдралд огт нийцдэггүй Зөрчлийн тухай хуулийн талаар өнөөр иргэн Н.Мишиг мэдээллээ. 2020 оны Нийслэлийн төсөвт энэхүү асуудлыг шийдвэрлүүлэх хөрөнгийг УИХ-ын гишүүн Нямбаатар, дүүргийн Иргэдийн төлөөлөгч Алтанхуяг нар батлуулсан байна.
Н.Мишиг: “Төсвийг суулгасан хэрнээ одоог хүртэл энэ харанхуй гудамжинд нэг ч шонгийн мод зоосонгүй. Асууж сураглаад явахаар тендер нь зарлагдсан, нэг компани авсан байна. Тус компаний удирдлага өмнөх ажлынхаа гүйцэтгэлийг нийслэл өгчихвөл танай ажлыг 10 хоногийн дотор хийж, айл өрхүүдийг тог цахилгаантай болгоход татгалзйах зүйлгүй гэж хэлсэн. Үүний зангилааг гаргаж өгнө үү гэж Ерөнхий сайд У.Хүрэлсүх-д 21 хоногийн хугацаатай шаардлага өгч байна. Бид огтоосоо шантаачилсангүй, аргаа барсан иргэдийн төлөөлөл. Энэ төсөв мөнгө нь хаанаа цоорхой байдаг юм бэ, үүд анхаарлаа хандуулаад өгөөч” гэв.
Сонгинохайрхан дүүргийн тог цахилгаангүй айлуудын төлөөллөөс иргэн Оюунчимэг:
“Хүүхдийн эрх ашиг хөндөгдөж байна. Хичээл сургууль эхэлчихсэн, даалгавараа хийх ямар ч арга алга. Агаарын сааталтай үед ямар ч тоггүй. Олон айлын тог татаж буй хэдэн мянган утаснууд энд тэндээ шалбарчихсан байдаг. Хүүхэд үүнд өртөж эндвэл яах вэ? Яагаад огтоосоо анхаарлаа хандуулахгүй байгаа юм бэ?” гэлээ.