Ким Кардашиан Уэст Арменийн санд 1 сая доллар хандивлаж байгаагаа Инстаграмд тавьсан бичлэгээрээ дамжуулан хэлсэн байна. Тэрбээр мөн дагагчдаа энэхүү хандивт нэгдэж, хамгийн амжилттай хандивын үйл ажиллагаа болгохыг уриалжээ.
39 настай телевизийн од Ким Кардашиан аавынхаа талаас армени гаралтай юм байна. Тэрбээр Армени болон Арцахт болж буй мөргөлдөөний талаар олон хүнтэй ярилцсан тухайгаа хэлээд энэ хямралыг цаашид огтхон ч үргэлжлүүлж болохгүй гэдгийг онцлон тэмдэглэжээ.
Ким "Биднийг зааглаж буй энэ орон зайнаас үл хамааран бид хилээр хязгаарлагдахгүй гэдгийг, мөн бүгд хамтдаа энэ дэлхийн нэг л армян үндэстэн гэдгийг санаасай гэж хүсэж байна" гэжээ. Хүмүүс заавал их хэмжээний мөнгө хандивлах албагүй бөгөөд нэг доллар хандивласан ч, зүгээр л бусдад түгээсэн ч энэ нь хандивын үйл ажиллагаанд жаахан ч атугай тус нэмэр болох юм гэдгийг онцолсон байна.
Түүний энэ үйлдлийг дагагчид нь өндрөөр үнэлжээ. Бичлэгнийх нь доор түүнийг маш зөв алхам хийлээ хэмээн урмын үгстэй сэтгэгдэл бичицгээсэн байна.
Хандивын мөнгийг дайны халуун цэгт байгаа хүмүүст хоол хүнс, орон байр, эм бэлдмэл зэрэг хүмүүнлэгийн тусламж үзүүлэхэд зориулагдах гэнэ.