УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2020.11.30/ хуралдаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах эсэх асуудлыг хэлэлцжээ. Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгч 2021 оны төсөвт бүхэлд нь хориг тавьсан юм.
МАН-ын бүлэг хэлэлцэж, Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахгүй байх нь зөв гэж хуралдаанд оролцсон гишүүдийн олонх үзжээ. Бүлгийн хуралдаан үргэлжилж байгаа бөгөөд Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар нарын мэдээллийг сонсч байгаа юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч 2021 оны төсөвт бүхэлд нь хориг тавихдаа,
Төсвийн нийт зардлыг 20 хувиар хэмнэж, хүндрэл бэрхшээлийг даван туулахад зориулсан эрсдэлийн сан байгуулах,
Өрх бүрд нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх хөтөлбөрийг боловсруулж, дотоод нөөц бололцоогоо бүрэн ашиглан нэн даруй хэрэгжүүлэх, ингэхдээ 200,000 төгрөгийг бэлнээр олгож, үлдсэн 800,000 төгрөгийг зөвхөн үндэсний үйлдвэрлэгчээс архи, согтууруулах ундаа, тамхины төрлөөс бусад бараа, бүтээгдэхүүн худалдан авах эрхийн бичиг /ваучер/-ээр олгох,
Төсвийн хэмнэлтээр бий болсон хөрөнгийн тодорхой хувийг коронавируст халдварын эсрэг вакцин худалдан авахад зарцуулж, иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах,
Үйлдвэр, аж ахуйн нэгж, бизнесийг дэмжсэн мастер төлөвлөгөө гаргах, үүний хүрээнд жижиг дунд үйлдвэр эрхлэгчид болон өдрийн орлоготой, түүгээрээ амьдардаг үсчин, оёдолчин, дархан, мужаан, такси зэрэг ажил, үйлчилгээ эрхэлдэг иргэдийг онцгой анхаарч тэдэнд чиглэсэн бодлого хэрэгжүүлэх ёстой гэж үзэж байгаагаа дурдсан юм.