Дархан-Уул аймагт хөл хорионы үед гацсан болон их, дээд сургууль, коллежид суралцдаг оюутан, залуусыг харьяа аймагт нь хүргэж өгөх ажил өнөөдөр эхэлсэн. Эхний удаад Хөвсгөл аймгийн харьяат 400 гаруй иргэнийг хүргэнэ.
“Нэг өрх-Нэг иргэн” шинжилгээг өнгөрсөн хугацаанд хийж хариу нь ирсэн учир Дархан-Уул аймагт гацсан иргэдийг нутагт нь хүргэж өгөх ажлыг зохион байгуулж байна. Хэдийгээр хариу нь сөрөг гарсан хэдий ч орон нутаг руугаа буцаж буй иргэдээс дахин түргэвчилсэн шинжилгээг авч байна.
Энэ дагуу аймгийн авто тээврийн газар эрүүл мэндийн салбарынхан дээрх 400 иргэнээс дахин шинжилгээ авч хариу гарсны дараа автобусанд суулгаж байна. Нийтдээ найман автобус Хөвсгөл аймаг руу хөдлөх бөгөөд нэг автобусанд 40 зорчигч суух аж.
Тухайн автобусаар Хөвсгөл аймагт хөл хорионд орсон Дархан-Уул аймгийн харьяат 60 гаруй иргэнийг авчрахаар болсон байна. Зорчигч тээврийн тасалбарын үнийн тухайд Хөвсгөл аймаг руу нэг иргэн 45.000, Булган аймаг руу 22.000, Орхон аймаг руу 18.000 төгрөг байна.