Орон нутгаас нийслэл хот руу, хотоос орон нутаг руу зорчих замын хөдөлгөөнийг өнөөдрөөс эхлэн 10 хоногийн хугацаатай нээгээд байгаа билээ. Эмээлтийн шалган нэвтрүүлэх товчоогоор өнөөдөр өглөөний 6.00 цагаас эхлэн коронавирусний шинжилгээний хариу зөвхөн сөрөг гарсан иргэдийг нийслэл хотоос орон нутаг руу нэвтрүүлж байна.
Нийслэл хотоос орон нутгийн чиглэлд 79048 иргэн, орон нутгаас нийслэл хот руу 25 350 иргэн, нийт 104 398 иргэн зорчих бөгөөд хувийн тээврийн хэрэгслээр 28 мянган иргэн, том оврын автобусаар 50 мянга орчим иргэн зорчино гэж урьдчилан тооцсоныг ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн хэлтсээс мэдээллээ.
Цагдаагийн алба хаагчид өнөөдөр Эмээлтийн шалган нэвтрүүлэх товчоонд хот хоорондын зорчих хөдөлгөөнд хяналт тавьж ажиллаж байна. Нийслэлээс орон нутаг руу зорчих хөдөлгөөний нөхцөл байдлын талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Э.Энхболд хэлэхдээ “Өглөөний 6.00 цагт хот хооронд зорчих хөдөлгөөнийг нээсэн. Коронавирусний шинжилгээний хариу сөрөг гарсан иргэд шинжилгээний хариугаа үзүүлж Архангай, Сэлэнгэ аймгаас бусад аймаг руу зорчих боломжтой.
Харин шинжилгээний хариу гараагүй иргэн болон ийм иргэнтэй хамт нэг тээврийн хэрэгслээр зорчиж буй бүх иргэнийг хотоос гаргах ямар ч боломжгүй. Зарим тээврийн хэрэгслийг нийслэл хот руу буцаасан. Учир нь шинжилгээний хариу нь албан ёсоор мэйл хаягаар нь ирээгүй байхад товчоо руу ирээд "Удахгүй шинжилгээний хариу гарна" гэсэн тайлбар тавьж байгаа нь зорчих хөдөлгөөнд төвөг учруулж байна. Улсын хэмжээнд хөл хорио тогтоосон байсантай холбоотойгоор хот хооронд зорчих хөдөлгөөн багассаны улмаас замд халтиргаа гулгаа ихэссэн байна. Иймд жолооч нар анхаарал болгоомжтой явах нь чухал” гэлээ.