УОК-оос цахим наадмыг хойшлуулах саналаа засгийн газарт хүргүүлж буй тухай мэдээллээ. Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд: "Эрүүл мэндийн яамны Эрдэмтдийн зөвлөл болон Мэргэжлийн байгууллага, ХӨСҮТ, Эрүүл мэндийн яамны зүгээс өмнө нь наадмын талаарх саналуудыг УОК-т тавьж байсан. Өнөөдрийн байдлаар нөхцөл байдал хүнд, эрсдэлтэй байна. Манай оронд төдийгүй дэлхийн бусад улс оронд дельта вирус буюу 3 дахь давалгаа эхэлж байна. Үүнтэй холбоотой улс орнууд хилээ хаах, нислэгүүдээ хязгаарлах, тусгаарлалтын хугацааг сунгах, маскаа тайлсан зарим орнууд буцаж маскаа зүүж байна. Энэ мэтчилэн дельта вирустэй холбоотой хорио цээр хариу арга хэмжээг чангатгаж байна. Үүн дээр манай улсад хэд хэдэн судалгааны ажил хийгдээд явж байна. Мөн Япон улсруу 50 сорьцийг илгээсэн. Манай эрдэмтдийн 2 хэсэг судалгааны урьдчилсан дүнгүүд гарсан байсан. Энэ урьдчилсан дүнг бол Япон улсаас ирсэн 50 сорьц баталгаажуулж өгсөн. Япон улсруу илгээсэн 50 сорьцоос 5 сорьцод манай улсад зөөвөрлөгдөж ирсэн дельта вирус илэрсэн. Энийг бид хязгаарлалт тусгаарлалтад хийж авсан. Яг одоогийн байдлаар манайд дельта вирус тархсан гэж хэлэх үндэс байхгүй. Манай эрдэмтдийн гаргасан судалгааны үр дүн дээр 88-90 хувьд нь Альфа вариант буюу UK хувилбарын мутацилагдсан хэлбэрийн тархалт байна гэдгийг тогтоосон. Та бүхэн санаж байгаа бол 4 сард тархалтын түвшин огцом нэмэгдсэн. Энэ үед тохиолдлын тоо зөвхөн Улаанбаатарын хэмжээнд илүү тархалттай байсан. Энэ үед тохиолдол 1400 хүрсэн. Бид 26 хоногийн хөл хорио тогтоож тархалтын эрчмийг бууруулсан. Мөн 6 сарын 500 сорьцод Альфа вариант буюу UK хувилбар 90 хувь гарсан. Энэ нь манай улсад Альфа хэлбэрийн мутацлагдсан вирусийн тархалт эрчимтэй явагдаж байгааг илэрхийлж байгаа. Одоогийн тархалтын түвшин бол 90 хувь нь Альфа вариантын хувилбар явагдаж байна гэсэн үг. Өнөөдөр УОК-т Эрүүл мэндийн яамны зүгээс Улсын баяр наадмыг цуцлах эсвэл хойшлуулах гэсэн саналыг оруулсан. Мөн гадаадаас ирж байгаа иргэдийг 14 хоног тусгаарлана гэсэн гол 2 саналыг оруулсан. УОК энэ 2 саналыг хэлэлцэж шийдвэрүүдийг гаргасан. Маргааш Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар эцэслэгдэн батлагдана" гэлээ.