Улсын Их Хурлын 2021 оны хаврын ээлжит чуулганы (2021.07.02) нэгдсэн хуралдаанаар 10 асуудал хэлэлцэхээр танилцуулсан бөгөөд хуулийн төслүүдийг эцэслэн баталсан юм. Эхлээд Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг батлах санал хураалт явууллаа. Монгол Улсын Их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т “Нэгдсэн хуралдаанд хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулах бөгөөд Улсын Их Хурлын нийт гишүүний олонх дэмжсэн бол хууль эцэслэн баталсанд тооцно” хэмээн заасан байдаг. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 86.5 хувь буюу Улсын Их Хурлын 45 гишүүн дэмжснээр хөдөлмөрийн харилцааны зарчим, суурь хэм хэмжээг тогтоож, уг харилцаанд оролцогч талуудын үндсэн эрх, үүргийг тодорхойлж, тэдгээрийн хоорондын зохистой тэнцвэрт байдлыг хангах зорилт бүхий Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдлаа. Үргэлжлүүлэн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын 23 төслийг батлах санал хураалтыг тус бүрд нь явуулж, батлав. 2018 оны гуравдугаар сарын 26-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүлсэн бөгөөд Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргилын ахалсан ажлын хэсэг гурван жилийн турш тасралтгүй ажилласны эцэст өнөөдөр Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсан гэдгийг Улсын Их Хурлын дарга тэмдэглэн хэллээ.
Монгол Улсын хөдөлмөрийн харилцааны өнөөгийн байдал, үндэсний онцлог, хөдөлмөрийн зах зээлийн цаашдын хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн манай улсын 1.1 сая ажиллагсад, нийт ажил олгогчдын хөдөлмөрийн харилцааг зохицуулах хуулийг ийнхүү баталж байна. Төслийн талаар ажил олгогч, ажилтны төлөөллийн байгууллагуудтай зөвшилцөл, өргөн хэмжээний хэлэлцүүлгүүд өрнүүлсэн нь өндөр үр дүнтэй болсныг Г.Занданшатар дарга онцолж байв. Хөдөлмөр эрхлэлтийн гуравласан харилцаа, цагаар ажиллах, зайнаас ажиллах, уртын ээлжээр ажил үүргээ гүйцэтгэх, туслах малчнаар ажиллах зэрэг хөдөлмөрийн харилцааны шинэ хэлбэрүүд зохицуулагдах юм. Түүнчлэн ажил олгогч болон ажилтны хөдөлмөрийн харилцаа дахь эрх, үүргийг тэнцвэржүүлэх, хөдөлмөрийн гэрээний зохицуулалтыг боловсронгуй болгох, цалин хөлсийг гүйцэтгэл, бүтээж, ур чадвартай нь уялдуулах, нарийн мэргэжлийн дагалдангаар ажиллах, суралцах зэрэг нарийвчилсан зохицуулалтуудыг тусгаснаар үндэсний ажиллах хүчний өрсөлдөх чадвар, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд энэ хууль чухал ач холбогдолтойг онцлоод Нийгмийн бодлогын байнгын хороонд хуулийн хэрэгжилтэд анхаарал хандуулан, хяналт тавьж ажиллахыг чиглэл болгов.
Дараа нь Кино урлагийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцэслэн батлах санал хураалт явууллаа. Санал хураалтад оролцсон 58 гишүүний 70.7 хувь буюу Улсын Их Хурлын 41 гишүүн дэмжснээр Монгол Улс түүхэндээ анх удаа кино урлагийн тухай хуультай боллоо. Үргэлжлүүлэн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэг бүрчлэн батлах санал хураалт явуулан шийдвэрлэв. Энэ төрлийн эрх зүйн орчныг бүрдүүлэх санаачилга анх 2010 онд гарсан бөгөөд 2021 оны холбогдох ажлын хэсэг байгуулагдаж, 2015 онд төсөл боловсруулах ажил эхлэн, 2019 онд Улсын Их Хурлын гишүүн, тухайн үед Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдаар ажиллаж байсан Ё.Баатарбилэг бодит ажил хэрэг болгож, хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлж байжээ.
Соёл урлагийн салбараас “хамгийн агуу” хэмээх тодотголтой кино урлагийн салбар манай улсад үүсч, хөгжөөд 90 орчим жил болж байгааг Улсын Их Хурлын дарга дурдав. Монгол киног дэлхийн түвшинд гаргах, олон улсын зах зээлд өрсөлдүүлэх, кино үйлдвэрлэлийг дэмжих, тус салбарыг эдийн засгийн хөгжилтэй уялдуулан хөгжүүлэх чухал зорилт. Түүнчлэн монгол эх орон, соёл түүхээ сурталчлах, иргэдийн үндэсний бахархал, эх оронч сэтгэлгээг хөгжүүлэхэд энэхүү хууль чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа тэрбээр хэлээд салбарын нийт хамт олонд амжилт хүслээ.
Засгийн газраас 2019 оны наймдугаар сарын 16-ны өдөр өргөн мэдүүлсэн Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцэслэн батлах санал хураалтаар хуралдаан үргэлжлэв. Улсын Их Хурлын 54 гишүүн буюу чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 81.7 хувь нь дэмжснээр төрөөс соёлын талаар баримтлах бодлого, зарчмыг тодорхойлж, соёлын үйл ажиллагаа эрхлэх, түүний удирдлага, зохион байгуулалт, оролцогчдын үүрэг, эрх, эдийн засгийн үндсийг тогтоохтой холбогдон үүсэх нийтлэг харилцааг зохицуулах зорилт бүхий Соёлын тухай хууль батлагдав. Үргэлжлүүлэн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг батлан санал хураалтуудыг тус бүрд нь явуулж, шийдвэрлэлээ.
Монгол Улсын Засгийн газрын бүтэцд олон жилийн дараа Соёлын яам байгуулагдсан. Улмаар Улсын Их Хурал Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталж байгаа нь өв соёлоо хадгалан хамгаалах, бүтээлчээр хөгжүүлэх, хойч үедээ өвлүүлэх замаар үндэсний бахархалыг сэргээн бадраах, улмаар монгол соёлын дархлааг бүрдүүлж, монгол соёлоор дамжуулан дэлхийд сурталчлах төрийн бодлого батлагдаж байгаа гэдгийг тэмдэглэн хэлэв.