Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны (2021.07.02) цахим хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв.
Хуралдааны эхэнд Засгийн газраас 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.
Төслийн танилцуулгыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа хийв. Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсад цар тахлын дэгдэлт нэмэгдэж, урьдчилан тооцох боломжгүй нөхцөл байдлаас үүдэн, ард иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалахад чиглэсэн зайлшгүй шаардлагатай нэмэлт санхүүжилт хийж цаг үеийн шаардлага үүсэж байна. Иймд төсвийн тодотголын хүрээнд иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, эрүүл мэндийн салбарын нэн шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэхэд нийт 735.1 тэрбум төгрөг, хүүхдийн мөнгө болон халамжийн тэтгэмжийг он дуустал үргэлжлүүлэн олгоход 618.9 тэрбум төгрөг, Засгийн газрын нөөц санг 60 тэрбум төгрөгөөр, аймгийн Засаг даргын нөөц санг 20 тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдүүлэхээр тооцсон гэдгийг тодотгохын зэрэгцээ төрийн байгууллагуудын төсвийн хэмнэлтийн хүрээнд урсгал зардлыг 132.9 тэрбум төгрөгөөр, улсын төсвийн хөрөнгө оруулалтын зардлыг 90 тэрбум төгрөгөөр, гадаад зээлийн ашиглалтын зардлыг 60 тэрбум төгрөгөөр, нийт 282.9 тэрбум төгрөгөөр зардал танах бөгөөд эдгээр хэмнэгдсэн зардлыг Ковид-19 цар тахлын эсрэг авах хариу арга хэмжээг санхүүжүүлэхэд зориулах болно гэж байлаа.
Дээрх бодлогын арга хэмжээний үр дүнд Монгол Улсын 2021 оны нэгдсэн төсвийн нийт орлого 13,7 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн нийт зарлага 15,7 их наяд төгрөг болж, төсвийн тэнцвэржүүлсэн алдагдал 3,7 их наяд төгрөг буюу ДНБ-ий 8.8 хувьтай тэнцэхээр байна гэдгийг А.Ариунзаяа сайд танилцуулгадаа дурдав.
Хуулийн төслийн талаар бусад Байнгын хороод болон Төсвийн зарлагын хяналтын дэд хороод эрхлэх асуудлын хүрээнд төсвийн тодотголыг хэлэлцсэн санал, дүгнэлтээ ирүүлснийг тус тус танилцуулсан.
Хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлэгтэй холбогдуулан асуулт асуух гишүүн байгаагүй тул Улсын Их Хурлын Ж.Чинбүрэн, Х.Булгантуяа, Г.Амартүвшин, Ц.Даваасүрэн нараас гаргасан зарчмын зөрүүтэй дөрвөн саналын томьёоллоор санал хураалаа. Гишүүдийн зүгээс төсвийн төсөлд туссан төсөл арга хэмжээний байршил, нэр солихтой холбоотой санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олон тус тус дэмжив.
Ингээд Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.
Хуралдааны төгсгөлд Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдоржоос 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт асуух гишүүн байгаагүй тул Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийн үеэр хуралдаан даргалагчаас хуулийн төслийн холбогдох зүйл, заалттай уялдуулах гүйцээн боловсруулах чиглэл өгсний дагуу боловсруулсан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулав. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.