Цаг үеийн мэдээ

“Америкийн Нэгдсэн Улсын Чикаго хотод Монгол Улсын Консулын газар нээн ажиллуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Улсын Их Хурлын 2021 оны хаврын ээлжит чуулганы Нэгдсэн хуралдаанаар (2021.07.06) хэлэлцэн шийдвэрлэлээ.

Тогтоолын төслийн талаар Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр нар тус тус танилцуулсан.

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2020 оны хоёрдугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаар АНУ-ын Чикаго хотод Монгол Улсын Консулын газар нээн ажиллуулах Засгийн газрын саналыг зөвшилцөн дэмжиж шийдвэрлэсэн. Энэ шийдвэрийн дагуу Гадаад харилцааны яам Чикаго хотод Консулын газар нээж ажиллуулах саналаа америкийн талд дилломат шугамаар тавьж, зөвшөөрсөн хариу авчээ. Тиймээс Дипломат албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт заасны дагуу дээрх шийдвэр, айлын талын зөвшөөрлийг үндэслэн АНУ-ын Чикаго хотод Монгол Улсын Консулын газар нээн ажиллуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулсан гэдгийг Гадаад харилцааны сайд танилцуулгадаа онцолсон.

Манай улсын гадаад харилцаа улам өргөжин хөгжихийн хэрээр бусад улс, ялангуяа гуравдагч хөрш болох АНУ-тай худалдаа, эдийн засаг, аялал жуулчлал зэрэг харилцан ашигтай салбаруудын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, мөн тус улсад ажиллаж амьдарч, суралцаж буй иргэдийнхээ хууль ёсны эрх ашгийг хамгаалах чиг үүргээ хэрэгцээт газарт нь үзүүлэх шаардлага тавигдаж байна. Энэ хүрээнд АНУ-ын худалдаа, эдийн засаг, банк санхүү, аялал жуулчлалын томоохон төв, 8000 орчим монгол иргэд оршин суудаг Чикаго хотод Консулын газар нээн ажиллуулах нь хоёр орны худалдаа, эдийн засаг, соёл, боловсролын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх болон төрийн үйлчилгээг иргэддээ ойртуулах, иргэдийн эрх, ашиг сонирхлыг цаг алдалгүй хамгаалах чухал ач холбогдолтой гэж Засгийн газар үзэж буйг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг онцоллоо.

АНУ-ын Сан Франциско хот дахь Ерөнхий консулын газар одоогийн байдлаар 7 орон тоотой үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд гурван орон тоог нь Чикаго хотод нээж ажиллуулах Консулын газарт шилжүүлэн ажиллуулахаар төлөвлөжээ. Ингэснээр улсын төсвөөс нэмэлт зардал гаргахгүйгээр шинээр нээх Консулын газрын төсвийг шийдэх боломжтойг сайд танилцуулсан юм.

Монгол иргэд АНУ-ын зүүн эргийн Вашингтон (6000), төвийн бүсийн Чикаго хот (8000), баруун эргийн Лос Анжелес (2000), Сан Франциско (4000), Сиатль (1500) хотод төвлөрөн суурьшдаг байна. АНУ-ын баруун, зүүн эргийн хотуудад амьдарч байгаа монгол иргэдэд консулын үйлчилгээ хүрч байгаа боловч төвийн бүсэд, тодруулбал Чикаго хот орчимд оршин суугаа иргэдэд консулын үйлчилгээг ойртуулах шаардлагатай байгаа аж. Чикаго хот нь АНУ-ын нийслэл Вашингтон хотоос 1600 км зайд оршдог бөгөөд тус хотод Консулын газар нээснээр Индиана, Висконсин, Мичиган, Мизури, Миннесота зэрэг залгаа мужид оршин суугаа монгол иргэдэд төрийн үйлчилгээ үзүүлэх боломж бүрдэх юм байна.

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо тогтоолын төслийг 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцэж, “Америкийн Нэгдсэн Улсын Чикаго хотод Монгол Улсын Консулын газар нээн ажиллуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлахыг дэмжсэн байна.

Тогтоолын төсөл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан “Америкийн Нэгдсэн Улсын Чикаго хотод Монгол Улсын Консулын газар нээн ажиллуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг  хуралдаанд оролцсон нийт гишүүдийн 58,2 хувь нь дэмжив.

Таны сурталчилгаа