Тулгар төрийн 2230, Их Монгол Улс байгуулагдсаны 815, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, Ардын хувьсгалын 100 жилийн ой, Үндэсний их баяр наадмын мэндчилгээг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Ж.Батбаясгалан дэвшүүллээ.
МЭНДЧИЛГЭЭ
Бүрэн эрхт, тусгаар тогтносон Монгол Улсын иргэд ээ, эрхэм хүндэт нийслэлчүүд ээ
Та бүхэндээ Тулгар төрийн 2230, Их Монгол Улс байгуулагдсаны 815, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, Ардын хувьсгалын 100 жилийн ой, Үндэсний их баяр наадмын мэндчилгээг өргөн дэвшүүлье.
Та бид өвөг дээдсийнхээ өвлүүлж өгсөн Тусгаар тогтнол, Эрх чөлөөгөө хөгжил дэвшлээр батжуулан зуунаас зуунд өртөөлөх энэ цагийн түүхийг бүтээлцэж байна. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас дэлхийд ганцхан Монгол наадмаа онцгой сэрэмж, хорио цээрийн дэглэмийн хүрээнд өнжиж байгаа ч, өнө эртний түүхт үндэсний баяр наадмын минь билиг ерөөл, утга агуулга зуун зуунд үргэлжилсээр байна.
Нийслэлийн иргэн бүрийнхээ амь нас, эрүүл мэндийг коронавирусийн халдвараас хамгаалах эрхэм зорилго, хотын эдийн засаг, бизнесийн орчныг цар тахлын сөрөг нөлөөллөөс сэргийлэх чухал зорилт бидний өмнө байна. Амаргүй цагийн сорилт бэрхшээлийг нийслэлчүүд бид хамтдаа хичээл зүтгэлээрээ даван туулна гэдэгт итгэлтэй байна. Энэ удаагийн Нийслэлийн ИТХ бүрэн эрхийнхээ хугацаанд хүний хөгжлийг дээдэлж, амьдралын чанарыг сайжруулан, дундаж давхаргыг бэхжүүлэн, ногоон хөгжил, амар тайван аюулгүй нийгмийг бүтээсэн, бүс орон нутгийн хөгжлөөрөөө үлгэрлэн түүчээлсэн нийслэл хотыг бий болгох дунд хугацааны зорилтоо биелүүлэхэд чиглэх болно.
МОНГОЛ ЭХ ОРОН МИНЬ МАНДАН БАДРАГ
НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА
ЖАНЦАНГИЙН БАТБАЯСГАЛАН