Цаг үеийн мэдээ

Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2021 оны долдугаар сарын 16-нд боллоо. Хуралдаанаас авлига, хүнд суртлыг таслан зогсоож, авлигын индексийг бууруулах зорилго бүхий Ажлын хэсэг байгуулав. Эрчимжүүлсэн арга хэмжээний төлөвлөгөө боловсруулж, батлуулан хэрэгжүүлж ажиллахыг тус Ажлын хэсгийн дарга, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарт даалгалаа.

ХБНГУ-ын Берлин хотод төвтэй “Транспаренси Интернэшнл” олон улсын төрийн бус байгууллагаас жил бүр улс орнуудын төрийн албан дахь авлигын талаар шинжээч, бизнес эрхлэгчдийн судалгаанд үндэслэн Авлигын төсөөллийн индексийг боловсруулдаг бөгөөд 2020 оны дүнг 2021 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр дэлхий нийтэд зарласан.

Индексийн дүнгээр Монгол Улс 2020 онд 35 оноо авч 180 улс орноос 111 дүгээр байрт эрэмбэлэгдсэн байна. Энэ нь өмнөх оныхтой ижил оноотой боловч 5 байраар ухарсан үзүүлэлт болж байна.

Монгол Улс өмнөх оныхоос оноо буурсан үндсэн шалтгаан нь төрийн албан хаагчид эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигладаг байдал нэмэгдсэнээс хамаарсан байж болох судалгааны дүн гарсан. Түүнчлэн бизнес эрхлэгчид үйл ажиллагаа эрхлэх болон гэрээ, хэлцэл байгуулахад авлигатай нүүр тулах эрсдэл нэмэгдсэн гэх шалтгаанаар манай улсын үнэлгээ буурсан байна.

Засгийн газраас гарч байгаа шийдвэр анхан болон дунд шатанд хэрэгжихгүй байгаагаас иргэдэд төрийн үйлчилгээ хүрэхдээ хүнд суртал, авлига дагуулж, энэ нь хилийн Замын-Үүд боомтод үүссэн асуудлаас тодорхой харагдаж байна.

Иймд олон улсын байгууллагын судалгаа, дүгнэлт болон Монгол Улсад тулгараад буй нөхцөл байдлыг харгалзан төрийн албан хаагчдын эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж буй байдлыг таслан зогсоох, бизнес эрхлэгчдэд учирч буй дарамт, хүнд суртал, авлигыг бууруулах төрийн байгууллагуудын ажлын уялдааг хангах зорилгоор Авлигын индексийг бууруулах үүрэг бүхий төрийн байгууллагуудын төлөөллөөс бүрдсэн Ажлын хэсгийг байгуулан, төлөвлөгөө боловсруулж ажиллах нь зүйтэй гэж үзсэн байна.

Авлигын төсөөллийн индексээр Монгол Улс 111-р байрт жагсаж байгааг хоёр жилийн хугацаанд хоёр оронтой тоонд оруулах зорилт тавьж байна. Шинээр байгуулсан ажлын хэсэг авлигын гэмт хэргийг бий болгож байгаа суурь хүчин зүйлс буюу хууль эрх зүйн орчныг сайжруулах, цахим шилжилтийг эрчимжүүлэх зэрэг ажлыг эрчимжүүлнэ.

Таны сурталчилгаа