Цаг үеийн мэдээ

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн ОХУ-ын "Российская газета" сонинд өгсөн ярилцлагыг хүргэж байна.

Харилцааны 100 жилийн хугацаанд хоёр тал хамтын ажиллагааны ямар туршлага хуримтлуулсан бэ?

Б.Батцэцэг: Манай хоёр ард түмэн олон зууны туршид хил залган оршиж, ойр дотно хэлхээ холбоотой явж ирсэн. Олон улсын эрх зүйн дагуу бие биеийн тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүлээн зөвшөөрч, дипломат харилцаа тогтоон, эрх тэгш, харилцан ашигтай байдлаар хамтран ажиллаж ирсэн нь өнгөрсөн 100 жилийн онцлог юм. Нэг зуун гэдэг аливаа хоёр улсын харилцааны хувьд багагүй хугацаа. Бидний харилцаа ч олон улсын харилцааны өрнөл, хувьслаас шалтгаалсан олон том сорилтыг даван туулж, хоёр ард түмний найрамдал, нөхөрлөл улам бүр бэхжиж, залуу хойч үедээ өвлүүлэн ирснийг тэмдэглэхэд таатай байна.

Халхын голын байлдаан, Дэлхийн хоёрдугаар дайны хамтын ялалт нь мөнхөд дурсан санаж байх Та бидний баатарлаг, бахдам түүх билээ. Зөвлөлт засгийн дэмжлэгээр тусгаар тогтнолоо сэргээн тогтоогоод байсан манай улсын хувьд нийгэм, эдийн засгаа хөгжүүлэхэд Оросын ард түмэн онцгой үүрэг гүйцэтгэснийг манай ард түмэн мартахгүй. Зуун жилийн туршид манай олон мянган шилдэг боловсон хүчин хуучин ЗХУ-д бэлтгэгдсэн байдаг.

Социалист тогтолцоо задран унасны дараагаар нийгмийн цоо шинэ тогтолцоонд шилжих шилжилтийн амаргүй жилүүдэд хоёр улсын харилцааны хүрээ бага зэрэг хумигдсан ч талуудын хүч чармайлтаар богино хугацаанд сэргэж, тогтвортой хөгжлийн хэмнэлдээ орсон билээ. Эдүгээ манай хоёр улсын харилцаа Иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд хүрч, бие биеийн хөгжил, дэвшилд чухал хувь нэмэр оруулсаар байна.

Ойг тэмдэглэх хүрээнд ямар айлчлал, арга хэмжээ хийхээр төлөвлөж байгаа вэ?

Б.Батцэцэг: Бид дипломат харилцаа тогтоосны түүхт 100 жилийн ойг 2021 оны туршид ёслол төгөлдөр хамтран тэмдэглэн өнгөрүүлэхэ томоохон төлөвлөгөөг орос анд нөхөдтэйгээ тохиролцон, улс төр, худалдаа, эдийн засаг, боловсрол, соёл, батлан хамгаалах зэрэг нийгмийн харилцааны бүхий л салбарт төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулж байна. Дэлхий дахинаа тархаад байгаа Ковид-19 халдварын тархалт төлөвлөгөөний хэрэгжилтэд тодорхой хэмжээгээр нөлөөлөлж буй хэдий ч зарим арга хэмжээг цахим байдлаар зохион байгуулах зэргээр уян хатан хандаж байна. Оны хоёрдугаар хагаст нөхцөл байдал сайжирна гэсэн хүлээлттэй байгаа бөгөөд орос анд найзуутайгаа биечлэн уулзаж, олон арга хэмжээг хамтран тэмдэглэнэ гэдэгт итгэлтэй байна.

Монгол-Зөвлөлтийн хамтарсан сансрын нислэгийн 40 жилийн ой энэ 3 дугаар сарын 22-ны өдөр болсныг онцлон дурдахыг хүсэж байна. Энэхүү ойд зориулан үзэсгэлэн зохион байгуулж, түүхэн баримтууд, сансрын нислэгтэй холбоотой сонирхолтой эд зүйлс, тэр үеийг харуулсан фото зургуудыг олон нийтэд дэлгэсэн нь хүүхэд залуучуудын танин мэдэхүйд чухал үйл явдал болсон гэж үзэж байна. Түүхэн үйл явдлын гол баатрууд болох сансрын нисэгч Ж.Гүррагчаа, А.Джанибеков нар Улаанбаатар хотын хүндэт иргэн болж, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины зарлигаар Ж.Гүррагчааг “Александр Невский”-н одонгоор шагнасан сайхан үйл явдал боллоо.

Ер нь Монгол, Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тэмдэглэх хүрээнд харилцан айлчлал хэрэгжүүлж, эрдэм шинжилгээний хурал, үзэсгэлэн, концерт, соёл урлагийн наадам зэрэг олон арга хэмжээг зохион байгуулж, хэвлэл мэдээллээр өргөнөөр сурталчлахад ихээхэн анхаарал хандуулж ажиллана. Цар тахлын нөхцөл байдлыг харгалзан энэ оны сүүлчээр айлчлал, арга хэмжээнүүд зохион байгуулахаар холбогдох газрууд ажиллаж байна.

 Орос, Монголын харилцаа шинэ арван жилүүдэд ямар байх бол гэж Та төсөөлж байна вэ?

Б.Батцэцэг: ОХУ, БНХАУ нь бидний мөнхийн хөршүүд. Монголчууд бид нүүдэлчин ард түмэн, тиймдээ ч хөршүүддээ ихээхэн ач холбогдол өгч, хүндэтгэн харилцдаг уламжлалтай. Сайн хөршийн найрсаг харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг тогтвортой хөгжүүлэх нь манай улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл байдаг. Бид энэ бодлогоо цаашид ч тууштай баримтална.

Монгол, Оросын харилцааны түвшин 2019 онд нэг шат ахиж, Иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд хүрсэн. ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины Монгол Улсад 2019 оны 9 дүгээр сард хийсэн албан ёсны айлчлалын үеэр “Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол, ОХУ-ын хоорондын гэрээ”-г хугацаагүйгээр байгуулж, 2020 онд хоёр улсын парламент соёрхон баталсан нь хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа цаашид ч тогтвортой өргөжин хөгжих улс төр, эрх зүйн баталгаа болсон. Үүний зэрэгцээ хоёр ард түмний харилцан ойлголцол гүнзгий, бие биеийн талаарх нааштай, нөхөрсөг хандлага бат бөх байдаг нь хамтын ажиллагаа өргөжих нийгмийн үндэс суурийг бүрдүүлж ирсэн.

Тиймээс бидний сайн хөршийн уламжлалт харилцаа, хамтын ажиллагаа цаашид ч  улам гүнзгийрэн, олон салбарт шинэ ахиц, тодорхой төслөөр баяжин идэвхтэй хөгжинө гэдэгт итгэлтэй байна.

 Гурван орны Ерөнхийлөгчид Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридорын төслийг дэмжсэн үеэс хойш 5 жил өнгөрч, энэ онд бас нэг бэсрэг ой тохиож байна. Төслийн явц ямар хэмжээнд байна вэ?

Б.Батцэцэг: Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын төрийн тэргүүн нарын 2016 онд зохион байгуулсан гурав дахь удаагийн уулзалтынхаа үеэр “Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-т гарын үсэг зурсан. Хөтөлбөрт 32 томоохон төсөл багтсан байдаг. Өнгөрсөн хугацаанд гурван тал хөтөлбөрт тусгагдсан төслүүдийн хэрэгжилтийг урагшлуулах чиглэлээр бүх түвшинд ярилцаж, хамтран ажиллаж байна.  Хамтарсан ажлын хэсгийг гурван улсын холбогдох яамдын дэд сайд нарын түвшинд байгуулсны зэрэгцээ ажлын түвшний уулзалтуудыг тогтмол зохион байгуулж ирлээ.

“Эдийн засгийн коридор”-ын хүрээнд нэн тэргүүнд хэрэгжүүлэх төслүүдийн нэг гэж үздэг төмөр замын төв шугамыг шинэчлэх, ТЭЗҮ-ийг боловсруулах ажлыг эхлүүлэх тухай “Хамтарсан мэдэгдэл” болон “Ажлын төлөвлөгөө”-г талууд тохиролцож, гурван улсын төрийн тэргүүн нарын ээлжит уулзалтын үеэр гарын үсэг зурахад бэлэн болгоод байна.

“Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-т дэд бүтэц, эрчим хүчний томоохон төслүүдийн зэрэгцээ шинжлэх ухаан, боловсрол, хөдөө аж ахуй, боловсруулах үйлдвэр, аялал жуулчлал гэсэн бусад салбарын төслүүд багтдаг бөгөөд эдгээр төслүүдийн хэрэгжилтийг хангах чиглэлээр гурван талаараа анхааран ажиллаж байна.

  “Сибирийн хүч-2” төслийн үргэлжлэл болох “Союз Восток” хийн хоолойн төслийн ажил ямар явцтай байна? Монголын хэрэглэгчид энэ хоолойгоос хий авах уу, эсхүл энэ нь зөвхөн дамжин өнгөрөх төсөл үү?

 Б.Батцэцэг: Сүүлийн үед идэвхтэй урагшилж буй том төсөл бол ОХУ-аас БНХАУ руу Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан хийн хоолой барих төсөл юм. Монгол Улсын газар нутаг дээгүүр барих хий дамжуулах хоолойн техник, эдийн засгийн үндэслэлийг судлах зорилгоор ОХУ-ын “Газпром” компани манай улсад “Газопровод Союз Восток” компанийг байгуулж, энэ онд багтаан ТЭЗҮ-г эцэслэн боловсруулахаар ажиллаж байна. Төслийн анхан шатын судалгааны дүн нааштай гарсанд бид баяртай байна.

ОХУ-ын “Газпром” НХН-ийн төлөөлөгчид Монгол Улсад 3 дугаар сард ирж, ТЭЗҮ боловсруулах ажлын хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталж, хийн хоолой баригдах маршруттай танилцаад явсан. Төслийн ажил цар тахлын амаргүй байдалд ч алхам алхамаар урагшилж байна.

Энэ хоолойгоор дамжих байгалийн хийнээс Монгол руу авч хэрэглэх эсэхийг одоо ярих нь арай эрт байна. Эхний ээлжинд холбогдох бүх судагааг хийж байж цаашид хэрхэх талаар тухайн цаг үед ярих нь зүйтэй.

Дамжин өнгөрөх тээвэр бол хоёр талын хамтын ажиллагааны хөдөлгүүр гэж үздэг. Гэвч  Монгол Улсад усан цахилгаан станц эсвэл цөмийн станц барих төлөвлөгөө  гэх мэт  эрчим хүчний хямд эх үүсвэрийн хэрэгцээ өсөн нэмэгдэх байдал сүүлийн 10 жилийн туршид байсаар байна. Энэ чиглэлээр Оростой харилцан ажиллах ямар төлөвлөгөөтэй байгаа вэ?

 Б.Батцэцэг: Манай улсын өсөн хөгжиж буй эдийн засагт эрчим хүчний хэрэглээ, шаардлага ч нэмэгдэж байгаа. Энэхүү асуудлыг бид олон хэлбэрээр шийдвэрлэж байна. Оросын компаниудтай хамтран одоо байгаа дулааны цахилгааны станцуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх, шинэчлэх төслийг хэрэгжүүлж байгаа. Мөн шинээр дулааны цахилгаан станц барих, сэргээгдэх эрчим хүчийг ашиглах замаар эрчим хүчний асуудлыг шийдвэрлэх бодлогыг хэрэгжүүлж байна.

Энэхүү бодлогын хүрээнд усан уахилгаан станц барих төслийг хэрэгжүүлэх байсан боловч оросын талын байр сууриас шалтгаалан зогсонги байдалд ороод байгаа. Усан цахилгаан станц барихын оронд Оросоос цахилгаан эрчим хүчийг худалдаж авах саналыг бидэнд тавьсан. Яг үнэндээ манай улсад эрчим хүчний тохируулах хүчин чадал хэрэгтэй байгаа юм. Энэ үүргийг усан цахилгаан станц хэрэгжүүлэх боломжтой. Тиймээс бид оросын талд энэ чиглэлээр хамтран ажиллах саналыг тавьж байгаа. Усан цахилгаан станцын төслийг хэрэгжүүлэхэд оросын талын дэмжлэг, харилцан ойлголцол нэн чухал. Цаашид энэ чиглэлд хамтран ажиллах боломж бүрдэнэ гэж найдаж байна.

 Монгол Улсын төмөр замын дэд бүтэц, Улаанбаатар төмөр замын ашиглалт, хөгжилд Орос орон өнөөдөр ямар үүрэг гүйцэтгэж байна вэ?

 Б.Батцэцэг: Монгол Улс нь өнөөдрийн байдлаар ОХУ, БНХАУ-ыг холбосон 1110 км орчим төмөр замаар дамжин өнгөрөх, экспорт, импорт, дотоодын ачаа тээврийг гүйцэтгэж байна. Цаашид Монгол Улсын дотоодын төмөр замын сүлжээний уртыг нэмэгдүүлэх, ачаа тээврийн хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор хэд хэдэн шинэ төмөр замыг барих төслийг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Тухайлбал, манай томоохон нүүрсний орд Тавантолгойгоос БНХАУ-тай шууд холбогдох төмөр замын төслийн ажил амжилттай үргэлжилж 2022 онд ашиглалтад орохоор байгаа бол Тавантолгой ордыг төмөр замын төв шугамтай холбох хэвтээ төмөр замыг 2021 онд ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

Ийнхүү төрийн болон хувийн хэвшлийн оролцоотой шинэ төмөр замууд бий болохын хэрээр Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийг шинэчлэх, хөгжүүлэх асуудал зайлшгүй тулгарч байна. БНМАУ, ЗСБНХУ-ын Засгийн газар хооронд 1949 онд байгуулагдсан хэлэлцээрийн дагуу тус нийгэмлэгийн  техникийн шинэчлэл хийх, төмөр замын тээврийн аюулүй байдлыг хангах, бүтэц зохион байгуулалтын хувьд орчин үеийн хөгжилтэй хөл нийлүүлэхэд шаардлагатай олон асуудлууд бий. Мэдээж энэ бүх асуудлуудыг тус нийгэмлэгийн 50 хувийн хувьцааг эзэмшигч оросын талтай харилцан тохиролцож хэрэгжүүлнэ.

 Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн техник, зэвсэглэлийн ихэнх нь ЗХУ, ОХУ-д үйлдвэрлэгдсэн байдаг. Цэргийнхэн энэ талаар юу ярьцгаадаг вэ? Цэрэг-техникийн хамтын ажиллагааны салбарт шинэ гэрээ байгуулах төлөвлөгөө байгаа юу?

 Б.Батцэцэг: Манай улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны  100 жилийн ойг энэ онд тэмдэглэн өнгөрүүлж байна. Зэвсэгт хүчний 100 жилийн түүх нь Монгол, Оросын хамтын ажиллагаатай салшгүй холбоотой. Таны хэлсэнчлэн Монгол Улсын Зэвсэгт хүчинд ашиглагдаж байгаа ихэнх зэвсэглэл, техник нь ЗХУ, ОХУ-д үйлдвэрлэгдсэн бөгөөд тэрхүү зэвсэглэл, техникийг мэргэжлийн түвшинд эзэмшүүлэхийн тулд ОХУ-ын цэргийн академи, их, дээд сургуулиудад шаардлагатай боловсон хүчнээ бэлтгэж ирсэн.

Оросын зэвсэглэл, цэргийн техникийн чанарыг дэлхий дахин өндрөөр үнэлдэг.

ОХУ-тай Цэрэг-техникийн хамтын ажиллагааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр, Цэргийн хамтын ажиллагааны тухай БХЯ хоорондын хэлэлцээрийг тус тус байгуулсан. Монгол Улсад цэрэг-техникийн буцалтгүй тусламж үзүүлэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг 2004 онд байгуулсан нь манай Зэвсэгт хүчний хөгжилд чухал ач холбогдолтой баримт бичиг болсон.

 Манай орнуудын худалдааны эргэлт хүрч болох түвшиндээ хүрэхгүй байна гэж олон хүн хэлдэг (2020 онд хоёр орны худалдааны хэмжээ 1,4 тэрбум ам.долларт хүрсэн), цар тахал бас нэмэрлчихлээ. Энэ онд Монгол Улсын Худалдааны төлөөлөгчийн газрыг Владивосток хотод нээнэ. Энэ үйл явдал хоёр орны худалдаанд яаж нөлөөлөх бол?

 Б.Батцэцэг: Хоёр орны худалдааны эргэлт  буурсан үзүүлэлттэй байгаа нь дэлхий нийтийг хамарсан цар тахал, түүнээс улбаатай худалдаа, эдийн засгийн сөрөг үр дагавартай мөн холбоотой. ОХУ-тай хийж буй худалдааны хэмжээг цаашид дорвитой нэмэгдүүлэх, худалдааны алдагдлыг бууруулах чиглэлээр шат дараатай бодлого хэрэгжүүлэх шаардлага бий.

Энэ хүрээнд ОХУ-д нийлүүлж буй бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээний төрлийг өргөтгөх, төрөлжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, хөрөнгө оруулалтыг татах, хувийн хэвшлийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх нь зүйтэй юм. Энэ ажиллагаанд  чухал үүрэг гүйцэтгэх Худалдааны төлөөлөгчийн газрыг Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ыг түшиглэн Москва хотноо байгуулан ажиллаж байгаа бөгөөд төлөөлөгчийн газрын салбарыг ОХУ-ын Алс Дорнодын бүс нутгийн зангилаа хот, тус улсыг Ази, Номхон далайн бүс нутагтай холбох гүүр болсон Владивосток хотноо байгуулахаар шийдвэрлэсэн. Энэ нь цаашид манай хоёр орны худалдааг идэвхжүүлэхэд зохих нөлөө үзүүлнэ гэж үзэж байна.

 Монгол Улс Евразийн эдийн засгийн холбоотой чөлөөт худалдаа хөгжүүлэх замаар Азид илүү идэвхтэй үүрэг гүйцэтгэхийг эрмэлзэж байна. Энэ талын яриа хэлэлцээ ямар явцтай байна вэ?

 Б.Батцэцэг: Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбооны хооронд худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх үүднээс Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбоо хооронд чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах боломжийг судлах Хамтарсан ажлын хэсгийг байгуулан, үр бүтээлтэй хамтран ажиллаж байгаа билээ. Хамтарсан судалгааны ажил ажлын төлөвлөгөөний дагуу явагдаж байгаа бөгөөд энэ ондоо багтаагаад судалгааны ажлын үр дүн гарах төлөвтэй байна. Цаашид бид хэрхэх нь энэхүү үр дүнгээс шалтгаалах бөгөөд судалгаагаар нааштай дүгнэлт гарах болов уу гэсэн хүлээлттэй байгаа.

 Цар тахлын үед хоёр талын харилцаа хэрхэн илэрч байв? Аюулт өвчинтэй тэмцэхэд ямар нийтлэг хүчин чармайлт гаргав? Танай орон «Спутник V» вакциныг дотооддоо бүртгэсэн.  «Спутник V»-ийн талаар Та юу хэлэх вэ?

Б.Батцэцэг: Ковид 19-ийн халдварын тархалт хамтын ажиллагаанд тодорхой хэмжээнд нөлөөлж буй ч гэсэн бид харилцааны идэвхтэй хандлагыг аль болох хадгалахыг зорьж, шинэлэг арга хэлбэрээр хамтран ажиллаж байна. Тухайлбал, өнгөрсөн жил гаруйн хугацаанд Монгол Улсын Гадаад харилцааны сайдын  ОХУ-д хийсэн айлчлалыг 2 удаа зохион байгууллаа.  Манай хоёр улсын хамтын ажиллагааны чухал механизм болох худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын комиссын Үндэсний хэсгүүдийн дарга нарын уулзалтыг энэ оны 3 дугаар сард цахим байдлаар зохион байгууллаа. Хамтран хэрэгжүүлж буй төслүүд цар тахлын нөхцөл байдалд ч урагшилж байна.

Ер нь цар тахлын нөхцөл байдал манай хоёр улсад төдийгүй дэлхий нийтэд амаргүй байна. Монгол Улсын Засгийн газар Ковид-19-ийн халдварын тархалтыг хязгаарлах, түүний нийгэм, эдийн засгийн үр дагаврыг бууруулах чиглэлээр идэвхтэй арга хэмжээ авч байна. Энэхүү амаргүй цаг үеийг даван туулахад гадаадын түнш орнууд, түүний дотор хөрш орнуудын дэмжлэг, хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэж буйг тэмдэглэхийг хүсэж байна.

ОХУ-д үйлдвэрлэж буй “Спутник V” вакциныг манай улсад тус вакциныг манай улсад яаралтай нөхцөлөөр ашиглах зөвшөөрлийг Монголын Эрүүл мэндийн яамны харъяа байгууллага олгосон. Бид ОХУ-аас нийт 60 мянган тун  “Спутник V” вакцин худалдан авсан. Энэ вакцинаас илүү ихийг авах сонирхол байсан боловч үйлдвэрлэлтийн хүчин чадлаас шалтгаалан бага тоогоор л авах боломжтой байна. Манай иргэд ЗХУ, ОХУ-д үйлдвэрлэсэн вакциныг хэрэглэж дассан тул “Спутник V” вакциныг хийлгэх сонирхолтой байгаа нь ард иргэдийн дунд хийсэн судалгаанаас харагдсан. Засгийн газрын зүгээс ард иргэд өөрсдийн хүссэн вакциныг сонголттойгоор хийлгэх боломжийг бүрдүүлэхийг зорин ажиллаж байна.

 Монгол Улсад Үндэсний геологийн алба харьцангуй хожуу байгуулагдсан гэж ойлгодог. ОХУ геологи хайгуулын ажлын туршлага болон мэргэжилтнүүдээр баялаг. Энэ чиглэлд харилцан ажиллах уу?

Б.Батцэцэг: Анх 1939 онд Аж үйлдвэрийн яамны дэргэд Уурхай, ашигт малтмалын трест байгуулсныг Монголын геологийн албаны үүсэл гэж албан ёсоор үздэг. Тэр цагаас хойш Монгол-Зөвлөлтийн геологийн хамтарсан экспедицүүдийн ажил идэвхтэй өрнөж, манай улсын уул уурхайн төслүүд ашигт малтмалын баялаг, ордын нөөцийг уламжлалт Зөвлөлтийн тогтолцооны дагуу тооцоолж байсан гэдэг. Геологийн тооцоо үнэлгээний ажиллагаа нь 1960-аад онд ашигт малтмалын баялаг, нөөцийн оросын ангилал боловсруулагдсанаас хойш мэдэгдэхүйц урагшилж, улмаар 1980 оны үед дахин шинэчлэгдсэн байдаг. Мардайн ураны орд болон стратегийн ач холбогдолтой томоохон орд газруудыг нээхэд оросын өндөр мэргэжлийн геологичдын оруулсан хувь нэмэр их юм.

Бид өөрсдийн байгалийн баялгийн мэдээллээ орчин үеийн шинжлэх ухааны ололт амжилтад тулгуурлан нэгтгэн баяжуулж, дахин боловсруулах зорилгоор Үндэсний геологийн албыг 2020 онд сэргээн байгуулсан. Үндэсний геологийн алба нь ОХУ, БНХАУ, БНСУ, Казахстан зэрэг таван улсын геологичдын хамтарсан төсөл хэрэгжүүлж байна. Мөн ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн яамны Геологи, газрын хэвлийн ашиглалтын салбарын төрийн бодлого, зохицуулалтын газартай нягт хамтран ажиллаж байна.

 Орос хэлний мэдлэг урт удаан хугацааны туршид монголчуудын онцлог байлаа. Өнөөдөр танай оронд орос хэлний сургалт хэр эрчимтэй байгаа бол?

 Б.Батцэцэг: Социалист системийн үед орос хэл монголчуудын хувьд боловсрол, шинжлэх ухааны гол хэрэгсэл болж,  соёл, эрдэм мэдлэгийн хэмжүүр, боловсрол олж авах гол түлхүүр болж байв. Зах зээлийн харилцааны эхэн үед ч бизнесийн харилцааны дөрөө болж түүхэн үүрэг гүйцэтгэсэн билээ. Хэдийгээр нийгмийн тогтолцоо өөрчлөгдөж, зах зээлийн нийгэмд шилжих үеэс орос хэлийг заах хүрээ хумигдаж ирсэн ч, орос хэлний бодит хэрэгцээ шаардлага байсаар, орос хэлийг хүүхэддээ сургах сонирхолтой эцэг эхчүүд олноороо байсаар байна.

Монголд орос хэл дээр сургалт явуулдаг Монгол-Оросын хамтарсан дунд сургууль, Плехановын нэрэмжит Оросын эдийн засгийн их сургуулийн Улаанбаатар дахь салбарын лицей сургуульд олон хүүхэд, залуус орос хэлийг эзэмшиж байна. Шинэ хамтарсан сургууль байгуулахаар манай улсын Боловсрол, шинжлэх ухааны яам, ОХУ-ын Гэгээрлийн яам нар хамтран ажиллаж байна. Мөн ОХУ-ын Засгийн газрын тэтгэлэгээр жилд 550 монгол оюутан суралцаж байна.

Орос хэл дээр сургалтаа явуулдаг хувийн ерөнхий боловсролын дунд сургууль, цэцэрлэгүүд бий. Хэрэгцээ байгаа учраас сургуулиудын тоо цөөрөх биш, нэмэгдэж байна.

Манай орнууд хэдэн мянган километр газраар хиллэдэг. 2014 оноос иргэд харилцан визгүй зорчих болцсон. Энэ нь хил орчмын бүс нутгуудын хэлхээ холбоог сэргээхэд тус болсон уу?

Б.Батцэцэг: Иргэд харилцан визгүй зорчих тухай Монгол, Оросын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг 2014 оны 9 дүгээр сард байгуулж, хоёр улсын иргэд 30 хүртэл хоногийн хугацаанд харилцан визгүй зорчих болон дамжин өнгөрөх эрхтэй болсон. Ингэснээр иргэдийн харилцан зорчих урсгал нэмэгдэж, бүс нутагт худалдаа, аялал жуулчлал, соёлын солилцоо эрс нэмэгдэж, хил орчмын хамтын ажиллагаа идэвхжиж байна. Тухайлбал, 2015, 2016 онд харилцан зорчсон иргэдийн тоо 2014 оны үеэс 2 дахин нэмэгдсэн үзүүлэлттэй гарч, энэ үзүүлэлт цар тахал эхлэх үе хүртэл хадгалагдаж байсан.

Энэ завшааныг ашиглан тэмдэглэхэд, хил орчмын бүс нутгийн хамтын ажиллагаа манай хоёр улсын харилцаанд жинтэй үүрэг гүйцэтгэж ирсэн. Цаашид эрх зүйн орчинг боловсронгуй болгох, нөөц бололцоогоо бүрэн дүүрэн ашиглах үүднээс “Бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр” 2019 онд байгуулсан. Уг хэлэлцээрийг амжилттай хэрэгжүүлэх, бүс нутгийн харилцааг идэвхжүүлэх зорилгоор Монгол, Оросын бүс нутаг хоорондын хамтын ажиллагааг 2021-2025 онд хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөрийг энэ оны 3 дугаар сард байгууллаа. Би хувьдаа энэ хэлэлцээр      хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, байгаль орчин хамгаалал, боловсрол, аялал жуулчлал зэрэг олон салбарын цаашдын хамтын ажиллагаанд таатай орчныг бүрдүүлсэн гэж үзэж байна.

ОХУ-тай хил залгаа манай аймгууд Оросын субъектуудтай шууд хэлхээ холбоотой, худалдаа, соёл, боловсрол, байгаль орчин хамгаалал зэрэг чиглэлээр идэвхтэй хамтран ажиллаж байна. Энэ хамтын ажиллагаа улам бүр өргөжөөсэй гэж хүсдэг.

Одоогоор цар тахлыг даван туулж чадаагүй байна, тиймээс аялал жуулчлал нэн тулгамдсан асуудал биш байх. Гэхдээ хэзээ нэгэнтээ энэ өвчин ард үлдэнэ. Оросын жуулчид, ялангуяа хил орчмын бүс нутгуудаас Монголд аялахад ямар боломжууд бий вэ? Танай оронд юу очиж үзэх ёстой вэ?

 Б.Батцэцэг: Аялал жуулчлалын салбар жил гаруйн хугацаанд хүндрэлтэй нөхцөл байдал байна. Гэвч цар тахлын дараа аялал жуулчлал хурдтай сэргэх боломжтой гэж үзэж байна. Монгол Улс хүн амын дийлэнхи хувийг дархлаажуулснар халдварын голомтуудыг бүрэн хумьж, иргэдийн улс хооронд зорчих, аялан жуулчлах нь идэвхжинэ. Улс хооронд төдийгүй дотооддоо аялж, зорчих хөдөлгөөн ч нэмэгдэх тэр үе их хол биш гэж бодож байна.

Монгол Улс түүх, соёлын өв, байгалийн үзэсгэлэнт, өвөрмөц байдалдаа түшиглэсэн аялал жуулчлалын бүтээгдэхүүн хөгжүүлэлт, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэхээр зорьж байна. Монголыг сонирхох гадаадын жуулчдын тоо сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгаад бид баяртай байна. Тэднийг илүү татах зорилгоор агаарын тээврийг либералчилж нислэгийн тоог нэмэгдүүлэх, өртгийг бууруулах, визний асуудлыг түргэн шуурхай болгож цахимжуулах, жуулчлалын олон улсын стандарт мөрдүүлэх, аюулгүй байдалд анхаарах гээд олон томоохон өөрчлөлтүүдийг ирэх жилүүдэд хийнэ.

Улаан-Үдээс Эрхүү хүртэл, Хөвсгөл нуураас Эрхүү хүртэл 2 зам солбилцдог. Дэд бүтцэд түшиглэн Хөвсгөл нуур болон Байгаль нуурыг холбосон аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэх боломжтой.

Түүнчлэн гадаадын жуулчдыг татах зорилтын хүрээнд Монгол Улсад зорчих нөхцөлийг хөнгөвчлөх, олон улсын жишигт хийцсэн дэвшилтэт үйлчилгээг нэвтрүүлэхээр дотоод бэлтгэлийг хангаж байна. Тухайлбал, цахим визийн систем нэвтрүүлэх, хил орчмын аялал жуулчлал, хилийн боомтод виз олгох зэрэг олон төрлийн үйл ажиллагааг эхлүүлэх, хөгжүүлэхэд анхаарч байна.

Манай улсад ирдэг жуулчдын тоогоор ОХУ, БНХАУ ихээхэн дээгүүрт ордог. Энэ тоо жил ирэх тусам өсдөг. 2018 онд ОХУ-аас 129 094 жуулчин манай улсад аялсан нь өмнөх оныхоос 20.7 хувиар өссөн үзүүлэлт юм. Хөрш улс орны иргэд харилцан бие биедээ аялж түүх соёлоо таниснаар ард түмний хэлхээ холбоо бэхждэг.

Энэ завшааныг ашиглан найрсаг Оросын ард түмэнд эрүүл энх, сайн сайнхныг хүсэн ерөөж дипломат харилцааны түүхт 100 жилийн ойн мэндийг дахин дэвшүүлж байна.

Таны сурталчилгаа