Цаг үеийн мэдээ

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2021.07.24) Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн даргын орлогч хатагтай Уэнди Шерман тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар АНУ-ын үе үеийн засаг захиргааны зүгээс Монгол Улсад өрнөсөн ардчилсан өөрчлөлт шинэчлэлийг бататгах, зах зээлийн эдийн засагт шилжих үйл явцыг гүнзгийрүүлэх, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн нийгмийг байгуулах болон тулгарч буй сорилт бэрхшээлийг даван туулахад тууштай дэмжлэг үзүүлсээр ирсэнд талархалтай байдгаа уулзалтын эхэнд илэрхийлэв.

Тэрбээр, 2011 онд Улсын Их Хурлаас Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлалыг батлахдаа Америкийн Нэгдсэн Улс нь Монгол Улсын гадаад харилцааны бодлогод гуравдагч хөрш гэж тусгагдсан, дотнын түнш орон гэж бид үздэг бөгөөд хоёр орны харилцаанд өндөр ач холбогдол өгдөг. Манай хоёр улс ардчилсан ёс, хуулийг дээдлэх, хүнийг эрхийг хүндэтгэх, эрх чөлөө, шударга ёсыг эрхэмлэх зэрэг оюун санааны нийтлэг үнэт зүйлстэй болохыг тэмдэглэв. Мөн Монгол Улс, АНУ-ын хооронд дээд, өндөр түвшний харилцан айлчлал, уулзалт, яриа хэлэлцээ тогтмолжиж, Стратегийн түншлэлд хүрснийг тэмдэглэхэд таатай байна гэлээ.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч, хатагтай Уэнди Шерман Монгол Улсын гуравдагч хөрш байгаадаа бахархалтай байна гээд, Япон Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсад айчлал хийснийхээ дараа танай улсыг зорьж ирлээ. Ерөнхийлөгчийн сонгуулиа амжилттай зохион байгуулж, Ардын хувьсгалын 100 жилийн ойтойгоо золгож буй Монгол Улс бол залуу хүн амтай, ардчилсан орон. Монголын ардчиллын туршлагаас суралцах зүйл их бий гэв.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар “гуравдагч хөрш”, Стратегийн түнш АНУ-тай эдийн засгийн хамтын ажиллагаагаа түлхүү хөгжүүлэхийг чухалчлан үздэг. Энэ хүрээнд бид эдийн засгийн томоохон төсөлд хөрөнгө оруулалт хийж, хамтран ажиллах боломжийг эрэлхийлж ажилахад бэлэн байна. АНУ-ын Конгресст өргөн баригдаад буй “Гуравдагч хөршийн худалдааг дэмжих тухай” хууль батлагдвал манай улсын эдийн засгийн чухал салбар болох ноос, ноолуурын салбарт томоохон дэмжлэг болно гэлээ.

Тэрбээр АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Байден үүрэгт ажилдаа орсныхоо дараахан ардчиллын үнэт зүйлс дээр тулгуурласан гадаад бодлогыг эрхэмлэн, ардчилсан тогтолцоог бэхжүүлж, ардчилсан орнуудтай харилцаа, хамтын ажиллагааг сэргээх, эв нэгдлийг дахин бататгахыг тэргүүлэх зорилтоо болгон дэвшүүлж, энэ хүрээнд Ардчиллын төлөөх дэлхийн дээд түвшний уулзалт (Global Summit for Democracy) зохион байгуулна гэж мэдэгдсэн билээ. Бид энэхүү санаачилгыг дэмжиж, хамтран ажиллах эрмэлзэлтэй байна гэлээ.

Талууд ардчиллын үнэт зүйлс, эдийн засаг, нийгэм болон хоёр улсын парламентын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Уулзалтад АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл Клечески болон албаны бусад хүмүүс байлцав.

Таны сурталчилгаа