Цаг үеийн мэдээ

Нийслэлийн ИТХ-ын Хүний хөгжлийн хороо хуралдаж, нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, нийслэлийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт соёл, урлагийн чиглэлээр тусгагдсан зорилт, арга хэмжээний үр дүнгийн талаар хэлэлцлээ.

Нийслэлийн Соёл, урлагийн газар дээрх бодлогын бичиг баримтад тэргүүлэх нэг зорилт,  долоон зорилт, 12 үйл ажиллагааг зохион байгуулж байна.  Энэ оны эхний хагас жилийн байдлаар 13 төрлийн ажлыг хийж гүйцэтгэжээ.

Тус газар нь Үндэсний урлагийн их театр, Үндэсний номын сан, Хүүхдийн номын сан, Хүүхэлдэйн театр, Хүүхдийн соёлын өв, Хөгжлийн төв болон Хүүхэд залуучуудын театрын барилгыг шинээр барих газрын асуудлыг шийдэж эхэлсэн байна. Тухайлбал, Сүхбаатар дүүргийн 9,11 дүгээр хорооны 10 га газарт Үндэсний урлагийн их театрын барилгыг барихаар болжээ. Мөн Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт Үндэсний номын сангийн шинэ барилгад зориулан 0.3 га газрын асуудлыг шийдвэрлүүлсэн бөгөөд  барилгын ажил явагдаж байна.

Улаанбаатар хотын нийтийн номын сангуудад фондын баяжилт хийнэ

Нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэн хурлын үеэр “Улаанбаатар хотын нийтийн төв номын сан болон салбар дөрвөн номын сан, алслагдсан гурван дүүргийн соёлын ордны номын санд фондын баяжилтыг жил бүр хийхээр дээрх бодлогын баримт бичгүүдэд тусгасан. Гэвч 2021 онд фондын баяжилт хийх зардал улс, нийслэлийн төсөвт тусгагдаагүй. 2022 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний төсөлд тусгуулахаар ажиллаж байна. Мөн эдгээр номын санд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэх нөхцөлийг бүрдүүлнэ” гэдгийг хэллээ.

Хурлын төгсгөлд нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, Хүний хөгжлийн хорооны дарга П.Наранбаяр “Нийслэлийн Соёл, урлагийн газрын эхний хагас жилийн тайланг хангалтгүй байна гэж үзэж байна. Энэ газар барилга барьж байгаа нь сайн хэрэг. Гэхдээ   хуулиар заасан ажлын чиг үүргийн хүрээнд ажиллахгүй байна. Соёлын тухай хууль, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн чиглэлд ажил хийгдээгүй байна. Төсөв мөнгө хэцүү байгаа  ч хүүхдээс ном харамлаж болохгүй. Энэ нь цогц хандлага дутаж байгааг илтгэж байна. Мөн соёлын өвийг хамгаалах ажлыг хурдтай хийх хэрэгтэй” гэдгийг онцолсон юм.

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Таны сурталчилгаа