Цаг үеийн мэдээ

УИХ-ын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт явагдсан нөхөн сонгуулийн талаар АН-ын дарга О.Цогтгэрэл байр сууриа илэрхийллээ. Тэрээр: "АН-ынхан тал талдаа эрвийх дэрвийхээрээ зүтгэцгээн энэ удаагийн нөхөн сонгуульд оролцлоо. Гэвч сонгуулийн дүн хараахан эцэслэгдээгүй, ирц хүрээгүй ч дахиад л томоохон хэмжээний ялагдал хүлээх нь илт боллоо. Ардчилсан нам иж бүрэн шинэчлэлийг цугтаа хийх шаардлага аль хэдийн өнгөрснийг ийнхүү 3 сонгууль дараалан харуулав. Эрх баригчдын эрээ цээргүй үйл ажиллагаа, бүтэлгүйтэлд дургүйцэж байгаагаа, тэдэнд-төрд итгэх итгэлээ өдөр бүр гээж байгаагаа иргэд ирцээрээ харууллаа. 

АН-ын нэр дэвшүүлэлт, сонгуульд бэлтгэх ажлуудад оролцох бололцоо бүрдээгүй ч намынхаа нэрийн төлөө цөөнгүй хоногт хамтдаа зүтгэсэн намын гишүүд дэмжигчид, намын аппаратынхан, тэр тусмаа СХД, Хэнтий аймгийн намынхандаа баярлалаа. 

Төрийн бүхэл бүтэн аппарат, сүлжээний эсрэг, тарж хуваагдсан намаа эвлүүрүүлэхийн төлөө золиос гарган зоригтойгоор өрсөлдсөн нэр дэвшигчиддээ, Үүл баатартаа асуудал энэ чигээр ужгирвал АН-д халтайг ойлгон, эвлэрэл, нягтралын талд зогсож, нэр дэвшигчдийнхээ компанит ажлыг чадлаараа удирдсан М.Тулгат, Ч.Өнөрбаяр тэргүүтэй нөхөддөө баярлалаа. 

Дараа, маргааш гэж хойшлуулалгүй даруйхан намынхаа шинэчлэлийг цугтаа хийцгээе, АН-ынхан. Дараагийн сонгуулиудад энэ мэт муу түүхүүдээ өөрчилж, эв нэгдэл, эрч хүч, илүү том зорилгоор зэвсэглэн орцгооё, эрхэм журмын нөхдөө. Хувийн жижиг эрх ашиг, асуудлуудаа хойш тавиад хурдхан ажилдаа, шинэчлэлийн үйл хэрэгтээ оролцгооё, АН-ын залуус аа" гэжээ. 

Таны сурталчилгаа