Цаг үеийн мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ф.Малоныг хүлээн авч уулзав.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уулзалтын эхэнд цар тахлын хүнд нөхцөл байдалд манай улсын иргэдийн дархлаажуулалтыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой “КОВАКС” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буй Британийн Засгийн газарт талархал илэрхийлэв.

Тэрбээр Монгол, Британийн найрсаг харилцаа, хамтын ажиллагаа амжилттай хөгжиж байгааг тэмдэглээд, цаашид  гуравдагч хөрш Британи Улстай харилцааг улам бэхжүүлж, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх чиглэлээр хамтын ажиллагааг түлхүү хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлэв.

Элчин сайд Ф.Малон Монгол, Британийн худалдаа, эдийн засаг, байгаль орчны салбарын хамтын ажиллагааг идэвхтэй дэмжиж ажиллахаа илэрхийлээд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, байгаль орчныг хамгаалах чиглэлээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн нь цагаа олсон чухал алхам хэмээн онцлов. Дэлхийн нийтийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд Британийн Засгийн газар тэргүүлэх ач холбогдол өгдөг гэдгийг Элчин сайд Ф.Малон тэмдэглэж, энэ 10 дугаар сарын 30-наас 11 дүгээр сарын 12-ны өдрүүдэд Британийн Глазгоу хотноо зохиогдох НҮБ-ын суурь конвенцод оролцогч талуудын 26 дугаар бага хурал болон Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн оролцох гэж буй Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалт нь байгаль орныг хамгаалах дэлхий нийтийн хүчин чармайлтад чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

 

Таны сурталчилгаа