Цаг үеийн мэдээ

АН-ын үндсэн дүрмийн дагуу намын Их хурлыг зарлуулахаар Үндэсний бодлогын хорооны 290 гаруй гишүүд гарын үсэг цуглуулсан билээ. Үүнтэй холбоотойгоор 2021 оны 10-р сарын 20-ны өдөр ҮБХ хуралдан намын Их хуралыг 2021 оны 11-р сарын 5-нд зарлаж, хуралдааны бэлтгэл ажлыг хангаж ажиллахыг Улс төрийн зөвлөлд даалгасан. 

Тэгвэл өнөөдөр буюу 2021 оны 11-р сарын 01-ны өдөр АН-ын Улс төрийн зөвлөл хуралдаж намын ээлжит бус “ОНЦ ИХ ХУРАЛ”-ыг зарлах, хурлын зохион байгуулалтыг хангах ажлын хэсгийг байгуулах шийдвэр гаргалаа.

Ардчилсан намд сүүлийн нэг жилд үүсээд буй хагарал бутрал, хууль бус дүрмийн шийдвэрүүд, олон удаагийн зөрчилдөөнтэй баримт бичгүүд дээд шүүхэд хүргэгдсэн мөн 2020 оны УИХ-ын сонгууль болон 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өнгөрсөн 30 жилийн туршид АН-ын түүхэнд байгаагүй ялагдлыг хүлээсэн нь АН-ын хувьд онцгой нөхцөл байдал үүссэн гэж УТЗ үзсэнээр АН-ын “ОНЦ ИХ ХУРАЛ”-ыг 2021-оны 11-р сарын 05, Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр хуралдуулахаар шийдвэрлэсэн байна.

Өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрүүдэд АН-ын анхан шатны нэгж, үүрүүд хуралдан Их хурлын төлөөлөгчдөө сонгосон бөгөөд Монгол орны өнцөг булан бүрээс сонгогдсон АН-ын нийт 1318 төлөөлөгч Улаанбаатар хотноо АН-ын “ОНЦ ИХ ХУРАЛ”-д оролцон, хуралдаж АН-д үүссэн дотоод зөрчлийг эцэслэн шийдвэрлэх болно.