Өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 26-ны өдөр Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Монгол Ард Улсаа тунхаглан зарласан 97 жилийн ойн баярын өдөр тохиож байна.
Монгол Улсын VIII эзэн Богд хаан мөнх бусыг үзүүлсний дараа жил гаруй хэлэлцсэний эцэст Анхны Үндсэн хуулиа 1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 16цаг, 17минутад баталсан. Анхны Үндсэн хуулиар хаант улсыг халж Бүгд Найрамдах улсыг тунхагласанаараа түүхэн онцлогтой юм. Социализмын он жилүүд өнгөрөх тусам Соёлын довтолгоо, Нэгдэлжих хөдөлгөөн, Атрын аян зэрэг томоохон хөдөлгөөн, аянууд улс орон даяар өрнөж байв. Монгол Улсын хүн ам, соёл, амьдрах хэв маяг, эдийн засгийн бүтэц, тогтолцооны хувьд эрс өөрчлөлтүүдийг хийх зорилтуудаас шалтгаалж 1940, 1960 онуудад тус тус Үндсэн хуулийг шинэчлэн баталж байжээ.
Өнөөгийн шинэ Үндсэн хууль нь 1990-ээд оны Монгол Улсад улс төр, нийгмийн өөрчлөлтүүд гарч байсан 1992 оны 1 сарын 13-нд тухайн үеийн Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлаар батлагдаж, тухайн оныхоо 2 сарын 12-ны өдрөөс эхлэн дагаж мөрджээ.
Монгол Улсын Үндсэн хууль 6 бүлэг, 70 зүйлтэй. Монгол улсад зах зээлийн эдийн засаг бүхий ардчилсан нийгмийг бүтээн байгуулах тогтолцооны үндсийг энэ хууль тавьж өгчээ. Шинэ Үндсэн хууль нь парламентын засаглалтай бүгд найрамдах улсыг бий болгож, шашин шүтэх эрх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх, хүний эрх зэргийг хуульчлан хамгаалжээ. Мөн Засгийн газрын бүтэц зохион байгуулалт, сонгуулийн талаар товч зохицуулсан байдаг.
Түүхэн хууль батлагдснаар жил бүрийн арваннэгдүгээр сарын 26-ныг "Улс тунхагласны баяр" болгон зарлаж, бүх нийтийн амралтын өдөр болгон, тэмдэглэн өнгөрүүлдэг болсон юм.