Цаг үеийн мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан тэрбум мод тарих үндэсний хөдөлгөөнийг үргэлжлүүлэн Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-аас  “НОГООН ХОТ-ИРГЭНИЙ ОРОЛЦОО” мод тарих арга хэмжээг өнөөдөр /2022.05.06/ зохион байгууллаа. 

Тус арга хэмжээ Сонгинохайрхан дүүргийн 24-р хорооны Баруун салаа Бумбатын булгийн орчим болсон бөгөөд иргэдийн эрүүл, ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, ой, усны нөөцийг хамгаалж, нэмэгдүүлэх, экологийн тэнцвэрт байдлыг хангах зорилтыг дэвшүүлэн Нийслэлийн газар, агентлагууд болон нутгийн захиргааны байгууллагуудыг хамруулав. Энэхүү арга хэмжээ хоёр өдөр үргэлжлэх юм. 

Нийт байгууллагуудын суулгасан модыг цаашид арчлан ургуулж, ногоон орчин бүрдүүлэхэд ЗДТГ-ын зүгээс онцгой анхааран ажиллах юм. Мөн энэхүү үйл ажиллагааны үеэр “Батсэлэнгэ” ХХК, “Ногоон хөгжлийн төлөө-Ногоон гэрлээр хамтдаа” ТББ, Иргэн Түмэнжаргал нар мандлын цэцэг, Гүйлс, Улаан агч зэрэг суулгацыг  хандивлав.  

Өнөөдрийн арга хэмжээнд Нийслэлийн харьяа алба, хэлтсүүд, Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-ын дотоод 15 хэлтэс албадын нийт 160 гаруй албан хаагчид 800 ширхэг Бөөрөлзөгөнө, Чацаргана, Тэхийн шийг, Нохойн хошуу, Буйлс, Гүйлс, Агч зэрэг хэд, хэдэн төрлийн мод тарилаа.

Таны сурталчилгаа